“Вагнер” групп хөлсний цэргүүдээ Малигаас гаргаж байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-07 13:22:57

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 7 /DW/. Оросын хувийн цэргийн компани болох “Вагнер”-ын (мөн “Вагнер" групп гэж нэрлэдэг) хөлсний цэргүүдийг Мали улсаас гаргаж байгааг мэдэгджээ. Энэ тухай “вагнерчуудын” төлөөлөгчид Telegram суваг дахь “Разгрузка Вагнера” нэртэй хуудсанд баасан гарагт буюу өчигдөр мэдээлсэн байна.


Тэдний мэдэгдэлд дурдсанаар, хөлсний цэргүүд гурван жил хагасын хугацаанд Малид байрлах хугацаандаа "тус улсын эх орончдод сахилга баттай, хүчирхэг арми байгуулахад тусалж, мөн энэ улсын бүс нутгуудын төвүүдийг засгийн газрын хяналтад оруулахад хувь нэмэр оруулсан" гэжээ. Мөн “Вагнер”-ынхан “мянга мянган босогч, тэдний удирдагчдыг устгасан” гэж мэдэгдсэн байна. Харин хөлсний цэргүүдийг Малигаас бүрэн гаргаж дуусгах хугацааг тодорхой дурдаагүй байна.


“Вагнер”-ын хөлсний цэргүүд 2021 оноос хойш Мали улсад нууцаар байрлаж байжээ

Малид байрлаж эхэлсэн хугацаатай холбоотой “Вагнер”-ын мэдэгдэл нь 2021 оны 11 дүгээр сард хэвлэлүүдээр гарч эхэлсэн мэдээллүүдтэй тохирч байна. Эдгээр мэдээллээр бол “вагнерчуудыг” тус улсад хөлсний цэргүүд байрлаж эхэлсэнтэй холбоотой мэдээллүүд гарахаас хэдхэн сарын өмнө цэргийн эргэлтээр эрх мэдэлд гарсан цэргийн хунт байрлуулжээ. 


Шинэ эрх баригчид Францын цэргүүдийг Малигаас гаргахыг шаардсан бөгөөд тэдний оронд Оросын хөлсний цэргүүдийг байрлуулжээ. “Вагнерчууд” хувийн бие хамгаалагч хийж байснаас гадна, туарегуудын хяналтад байсан тус улсын хойд нутагт явуулсан ажиллагаануудад оролцож байсан байна. Оросын хөлсний цэргүүд байрлаж байгаа гэдгийг цэргийн хунтын төлөөлөгчид анхандаа үгүйсгэж байсан бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Кремль “Вагнер”-тай ч, Африкт болж буй үйл явдалтай ч ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байсан юм. 


Харин Оросын цэргүүд Украинд халдан довтолсны дараа болон "Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожин бослого гаргасны дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Вагнер" группийг Кремль санхүүжүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрснөөр Лавровын өмнөх мэдэгдлийг үгүйсгэсэн юм. Гэхдээ санхүүжүүлтийн талаар албан ёсны баримт бичгүүдэд тэмдэглэгдээгүй байдаг. Үүний зэрэгцээ, Оросын хуулиар хувийн цэргийн компанудын үйл ажиллагаа хууль бус гэж тооцогддог гэж DW мэдээлжээ. 

Связанные новости