Д.Трамп, Ши Жиньпин нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-06-06 10:05:55

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 6 /Reuters/. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй “утсаар сайхан яриа өрнүүлсэн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт мэдэгджээ.

 

Д.Трамп Truth Social нийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ, бидний саяхан тохиролцсон худалдааны хэлэлцээртэй холбоотой зарим асуудлыг хэлэлцсэн гэлээ. Түүний хэлснээр, нэг цаг хагасын турш үргэлжилсэн хэлэлцээний үеэр хоёр орны хувьд ихээхэн нааштай үр дүнд хүрчээ.


АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, Ши Жиньпин өөрийг нь болон тэргүүн хатагтайг Хятадад айлчлахыг найрсгаар урьсан байна. “Хоёр том гүрний төрийн тэргүүн нарын хувьд энэ бол хэн хэнийх нь тэсэн ядан хүлээж байгаа зүйл мөн” гэж Д.Трамп хэлсэн байна. 


Д.Трамп мөн Германы Канцлер Фридрих Мерцтэй Зууван танхимд уулзах үеэрээ Хятадын даргатай утсаар ярьснаа дурдаад, Хятадад айлчилна гэдгээ баталжээ. “Тэрбээр намайг Хятадад урьсан, би түүнийг энд ирэхийг урьсан. Бид хоёул урилгыг хүлээж авсан. Тиймээс тохиромжтой цагт тэргүүн хатагтайн хамт очно, тэрбээр мөн гэргийн хамт ирнэ гэж найдаж байна хэмээн Д.Трамп хэлжээ.


АНУ, Хятадын төлөөлөгчид ойрын хугацаанд уулзах бөгөөд Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Худалдааны төлөөлөгч, Элчин сайд Жеймисон Грир нар уулзалтад оролцоно гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Утсаар ярих үеэр Орос, Украин, Ирантай холбоотой асуудлыг хөндөлгүйгээр бараг бүхэлдээ худалдааны асуудалд төвлөрснийг Д.Трамп онцолжээ.


АНУ, Хятадын тал өнгөрсөн сард харилцан бие биедээ ногдуулсан татварыг түр хойшлуулахаар тохиролцсоноор дэлхийн хоёр том эдийн засагтай орнуудын хоорондох худалдааны дайн түр зогсоод буй үед хоёр орны удирдагчид утсаар ярьсан юм. Д.Трамп яриа хэлэлцээ хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Хятадын бараанд ногдуулсан 145 хувийн татварыг 90 хоногийн хугацаанд 30 хувь болгон бууруулсан бол Хятадын тал АНУ-ын бараанд ногдуулсан татвараа 125 хувиас 10 хувь болгон бууруулсан билээ.

Связанные новости