ОУЭШ-ийн шүүгчдэд тавьсан хоригоо цуцлахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-07 14:36:13

БРЮССЕЛЬ, 2025 оны зургаадугаар сарын 7 /DW/. Олон улсын эрүүгийн шүүхийн (ОУЭШ) Давж заалдах шатны танхимын дөрвөн шүүгчид авсан хориг арга хэмжээгээ цуцлахыг Европын Комиссын дарга болон НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар АНУ-ын эрх баригчдад хандан уриалжээ. 


Эдгээр шүүгчийн хоёр нь Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галант нарыг баривчлах зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцэж байсан юм.


“ОУЭШ болон түүний албан тушаалтнуудыг Европын Комисс бүрэн дэмжиж байна. ОУЭШ бол дэлхий дахинд хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хариуцлагад татаж, хохирогчдод дуу хоолойгоо хүргэх боломжийг олгодог байгууллага юм. Тиймээс энэ байгууллага аливаа шахалт, дарамтгүйгээр ажиллах ёстой. Бид олон улсын хууль дэг журам, дэлхий нийтийн шударга ёсыг тууштай дэмжсээр байх болно” гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен X нийгмийн сүлжээнд мэдэгджээ.


НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Фолькер Тюрк АНУ-ын эрх баригчдын шийдвэрт “гүнээ санаа зовниж буйгаа” илэрхийлээд, арга хэмжээг нэн даруй эргэн харж, цуцлахыг уриалжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “үндэсний болон олон улсын хэмжээнд үүргээ биелүүлж буй шүүгчдэд халдах нь хууль дээдлэх ёс, хуулийн өмнө хүн бүр тэгш байх ёстой гэсэн зарчмыг шууд зөрчиж байгаа хэрэг юм. Эдгээр нь АНУ өөрөө олон жилийн турш хамгаалж ирсэн үнэт зүйлс билээ” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.


ОУЭШ-ийн дөрвөн шүүгчийн хөрөнгийг царцаах шийдвэр гаргаснаа АНУ-ын эрх баригчид зургаадугаар сарын 5-нд мэдэгджээ. Энэ шийдвэр нь “АНУ, Израил болон бусад холбоотон орны бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилготой” гэж Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тайлбарласан байна. 


Хориг арга хэмжээнд өртсөн шүүгчдийн хоёр нь Словени, Бенин улсын шүүгчид бөгөөд Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл олгосон шүүх ажиллагаанд оролцож байжээ. Харин үлдсэн хоёр шүүгч нь АНУ-ын цэргүүд Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн мөрдөн шалгалтыг эхлүүлэхийг зөвшөөрсөн шүүх ажиллагаанд оролцож байсан Перу болон Угандагийн шүүгчид юм.


Связанные новости