БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-25 10:05:20

БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /Xinhua/. Хятад, АНУ харилцааны эрчмээ хадгалж, тэгш байдал, харилцан бие биеэ хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан зөв чиглэлд урагшлах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин даваа гарагт мэдэгджээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ ийнхүү хэлсэн байна. 


Ши Жиньпин өнгөрсөн сард Д.Трамптай Бусан хотод амжилттай уулзалт хийж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэдгийг цохон тэмдэглэжээ. Талууд Хятад, Америкийн харилцааны аварга том хөлөг онгоцны чигийг дахин тохируулж, тогтвортой урагшлахад илүү их түлхэц өгч, дэлхий нийтэд эерэг мессеж илгээсэн гэж тэрбээр хэллээ. Түүнээс хойш Хятад, Америкийн харилцаа ерөнхийдөө тогтвортой болж, эерэг чиглэлээ хадгалсаар ирсэн бөгөөд үүнийг хоёр улс төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна гэж Ши Жиньпин хэлэв.


Хятад, Америк улсууд хамтран ажиллах нь хоёр талд ашиг тустай, харин сөргөлдөх нь хоёр талд хохирол учруулдаг гэдгийг болж өнгөрсөн үйл явдлууд дахин харуулсан бөгөөд хоёр улс амжилтад хүрч, хамтдаа хөгжин цэцэглэхийн тулд харилцан бие биедээ туслах шаардлагатай хэмээн Ши Жиньпин хэлжээ. Мөн хоёр тал хамтын ажиллагаагааны жагсаалтыг өргөжүүлж, асуудлуудын жагсаалтыг богиносгох ёстой бөгөөд ингэснээр илүү эерэг ахиц дэвшил гарч, Хятад-АНУ-ын хамтын ажиллагаанд шинэ орон зай бий болж, хоёр улсын ард түмэн болон дэлхийн ард түмэнд илүү их ашиг тусыг авчирна гэж тэрбээр нэмж хэллээ.


Ши Жиньпин мөн Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг дурдаад, Тайванийг Хятадад эргүүлэн нэгтгэх нь дайны дараах олон улсын дэг журмын салшгүй хэсэг гэдгийг онцолсон байна. Түүнчлэн Хятад, АНУ нь фашизм, милитаризмын эсрэг мөр зэрэгцэн тэмцэж байсныг дурдаад, болж буй үйл явдлыг харгалзан үзвэл хоёр тал Дэлхийн II дайны ялалтыг хамтран хамгаалах нь улам бүр чухал болж байна хэмээн хэлсэн байна.


Үүний хариуд Д.Трамп Ши дарга бол агуу удирдагч гэдгийг цохон тэмдэглээд, Бусан хотод Ши Жиньпинтэй уулзсандаа туйлын таатай байгаагаа илэрхийлсний сацуу хоёр улсын харилцааны талаарх түүний санал бодлыг бүрэн дэмжиж байгаагаа хэлжээ. Мөн тэрбээр хоёр тал Бусанд хүрсэн бүх тохиролцоог хэрэгжүүлж байгааг нэмж дурдсан байна.


Дэлхийн II дайны ялалтад Хятад томоохон үүрэг гүйцэтгэснийг Д.Трамп хэлээд, Тайванийн асуудал Хятадын хувьд хэр чухал болохыг АНУ ойлгож байгааг онцолжээ. Хоёр удирдагч мөн Украины хямралын талаар хэлэлцсэн байна. Ши Жиньпин Хятадын тал энх тайвныг тогтоох бүхий л хүчин чармайлтыг дэмжиж байгааг онцлон тэмдэглээд, талууд санал зөрөлдөөнөө багасгаж, шударга, удаан хугацааны, заавал биелүүлэх ёстой энхийн хэлэлцээрт аль болох ойрын хугацаанд хүрч, хямралыг үндсээр нь шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Связанные новости