Дэвид Кэмерон Гадаад хэргийн сайдаар томилогджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-14 10:25:32

ЛОНДОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /ВВС/. Их Британийн Ерөнхий сайд асан Дэвид Кэмерон даваа гарагт Гадаад хэргийн сайдаар томилогдож, засгийн газрын танхимын гишүүн болсон нь олны анхаарлыг татлаа.


Риши Сунак засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, хатагтай Суэлла Браверманыг халсны дараа Дотоод хэргийн сайд болсон Жэймс Клеверлигийн оронд Д.Кэмерон томилогджээ.


Ерөнхий сайд асан ноён Д.Кэмерон "засгийн газарт эргэж ирэх нь ердийн хэрэг биш" гэдгийг хүлээн зөвшөөрөөд, тус улс Ойрхи Дорнод ба Украины асуудлаар "томоохон сорилт"-той тулгарч байгаа энэ үед түүний туршлага  Р.Сунакийн засгийн газарт нэмэр болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.


Д.Кэмерон "Риши Сунак бол хүнд хэцүү үед энэхүү бэрх ажлыг хийж байгаа сайн Ерөнхий сайд гэж үздэг учраас би түүний багт нэгдэхээр шийдсэн" гэж мэдэгдсэн байна.


Сүүлийн 13 гаруй жилийн турш засгийн эрх барьж байгаа нам нь санал асуулгын дүнгээр Хөдөлмөрийн намаас хол хоцорч байгаа энэ үед ноён Р.Сунак даваа гарагт засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийж, Дотоод хэргийн сайд хатагтай С.Браверманыг ажлаас нь халсан юм. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Лондон хотын цагдаагийн газар хэт нэг талыг барьж байна гэж С.Браверман шүүмжилсний дараа түүнийг огцруулсан ажээ.


Засгийн газрын бүтцийн гол өөрчлөлтүүд гэвэл,  Тээврийн сайд асан Ричард Холден Тори намын дарга болж, Стив Барклэй Байгаль орчны сайдаар, Виктория Аткинс Эрүүл мэндийн сайдаар томилогдсон байна.


Канцлер Жереми Хант, Батлан хамгаалахын сайд Грант Шаппс, Боловсролын сайд Гиллиан Киган зэрэг засгийн газрын бусад гишүүд албан тушаалдаа үлджээ.

Ноён Д.Кэмерон нь 1970-аад оноос хойш засгийн газрын бүрэлдэхүүнд буцаж орсон анхны ерөнхий сайд болж Вестминстерийг гайхшрууллаа.


Их Британи улс Европын Холбооноос гарах саналаа өгсний дараа 2016 онд Д.Камерон ерөнхий сайдаас огцорсон бөгөөд тэрбээр долоон жилийн дараа улс төрд гэнэт эргэн ирж байгаа нь энэ юм.

Связанные новости