Археологийн малтлагаар илрүүлсэн буддын шашны холбогдолтой дурсгалуудыг дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулж буй “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх уг хурал археологийн судалгааны үр дүнд шинээр илрүүлсэн буддын шашны өв соёлтой холбогдох олдвор, хэрэглэгдэхүүнийг танилцуулах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, харилцан мэдээлэл солоилцох, Монгол нутагт буддын шашин түгэн дэлгэрсэн түүхэн он цагийн хамаарлыг тодруулахад археологийн дурсгалт газар, биет олдвор, эд өлгийн баримт, харилцан хамаарлыг хэлэлцэх зорилготой.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын эрдэм шинжилгээний байгууллагын нийт 40 орчим судлаач 32 илтгэлийг хэлэлцэх юм.
Хурлын хүрээнд Монгол нутагт оршин байсан эртний төрт улсуудын түүхэнд хамаарах буддын шашны дурсгалын бүртгэл, хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, тэдгээрийн археологи, түүх сурвалж, бичээс, арихтектур, соёлын өвийн сэргээн засварлалт зэрэг сэдвээр хот суурин, булш бунхан, сүм хийд, тахилын байгууламжаас олдсон хийц, барилгын чимэглэлийн талаар гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ажлын шинэ үр дүнтэй танилцах боломжтой.
Сүүлийн жилүүдэд хийсэн археологийн малтлага судалгааны явцад бурхны шашны түүхэнд холбогдох эх хэрэглэгдэхүүн Монгол нутгийн өнцөг булан бүрээс шинээр илрэн олдохын зэрэгцээ өмнөх судалгааны явцад илэрсэн зарим дурсгалыг шинэ арга зүй, ойлголтын хүрээнд дахин авч үзэх, олон нийтэд судалгааны ажлын шинэ үр дүнг сурталчлах таниулах зорилгоор “Буддын шашны археологийн судалгаа” тусгай үзэсгэлэнг хурлын үеэр дэлгэжээ.
Монгол оронд буддын шашин гурвантаа дэлгэрсэн гэж үздэг бөгөөд эхнийх нь Хүннүгийн үе тохиосон талаар судалгааны бүтээлүүдэд дурдсан нь бий. Одоогоор үүнийг баттай нотлох баримт үгүй бөгөөд археологийн судалгааны дүнд батлах боломжтой юм.
Монголын археологичид сүүлийн жилүүдэд олон газарт буддын шашны сүм, хийдийн туурийг шинээр илрүүлэн олж, зарим газарт малтлага, судалгаа хийсэнээр шинэ хэрэглэгдэхүүн ихээр цугларч, бурхны шашны дэлгэрэлт, түүний цар хүрээ, цаг үе бүрийн онцлог зэрэг бичгийн сурвалжид тэр бүр дурдагддаггүй асуудлуудыг тодруулан гаргаж байгааг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн тодотгов.
Тэрбээр ярихдаа, “ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран Голомт банкны санхүүжилтээр “Өв соёлын голомт” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн гол зорилго нь Монгол нутгаас илэрч олдож буй буддын шашны холбогдолтой дурсгалуудад археологийн судалгаа хийж, түүнийгээ нарийвчилсан судалгааны үндсэн дээр боловсруулан дүгнэлт гаргадаг. Эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд хийсэн малтлага судалгааны ажлуудын олдвор, эд өлгийн зүйлс Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагддаг. Судалгаа шинжилгээний ажил цэгцэрсний дараа музейд шилжүүлдэг. Дунджаар 50 сая төгрөгөөс дээш санхүүжилтээр археологийн малтлага судалгааны ажлыг хийдэг. Манай хүрээлэнгийн сан хөмрөгт нийт 200 мянга гаруй олдвор, эд өлгийн зүйлс бий. Үүнээс Чингис хаан үндэсний музей, Хархорум, Өмнөговь, Хэнтий аймгийн музейд олдвор, эд өлгийн зүйлийг дэлгэн тавьсан байгаа. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монголын археологичдын олж илрүүлсэн олдвор, эд өлгийн зүйлсээр музейнүүдийг хангадаг.
Хурлын хүрээнд сүүлийн жилүүдэд хийсэн археологийн малтлага судалгааны үр дүнд гарсан олдвор, эд өлгийн зүйлээр тусгай үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй дэлгэж байна. Монголын хамгийн эртний үед холбогдох буддын шашны сүм байж магадгүй гэж таамаглаж байгаа олдвороос эхлэн Хархул хааны балгасын их сүмийн тууриас гарсан эд зүйлс, Мөнх хааны Шагжаа сүмийн малтлагын олдвор, XVII зууны буддын шашны олдвор, Дондогдулам хатны шинэ эд зүйлс, дурсгалууд гэх мэт ховор эд зүйлсийг дэлгэсэн” гэв.
Энэхүү тусгай үзэсгэлэнд ШУА-ийн Археологийн дүн болох Ингэт толгойн дурсгал, Хархорум хотын Цогт Их сүм, Хархул хааны балгасын эртний хийдийн туурь, Их булагийн өндөр довжоо, Түргэний голын балгасын Их сүмийн туурь, Зүүн хүрээний туурь, Эх дагина Дондогдуламын дурсгал, ШУА-ийн Түүх, угсаатын зүйн хүрэлээнгийн “Бичээс” хамтарсан төслийн хүрээнд малтлага хийсэн Мөнх хааны балгасын сүмийн туурь, Халзан ширэг балгас зэрэг 9 дурсгалт газрын судалгааны үр дүн, илэрсэн зарим олдвор хэрэглэгдэхүүнийг танилцуулж байна.
Эдгээр 9 дурсгалаас Ингэт толгойн дурсгал нь Жужаны хаант улсын үед, Хархорумын Цогт Их сүм, Хархул хааны балгасын эртний хийдийн туурь, Мөнх хааны балгасын сүмийн туурь, Халзан ширэг балгас нь Монголын эзэнт гүрний үед, Түргэний голын балгасын Их сүмийн туурь болон Их булагийн өндөр довжоо нь XVI-XVIII зууны үед, Зүүн хүрээний туурь болон Эх дагина Дондогдуламын дурсгал нь XX зууны эхний хагаст холбогдож буй нь Монголын бурхны шашны хэд хэдэн үеийг төлөөлөх чухал дурсгалууд болж байгаа аж.
Тус үзэсгэлэн 12 дугаар сарын 6-ныг хүртэл Батцагаан дуганд сарын турш олны хүртээл болно.