“Монгорү Цүүшин” сонины 20 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн Монгол-Японы төвд гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг таван сонины нэг япон хэлээр хэвлэдэг “Монгорү Цүүшин” 20 нас хүрч, өнгөрсөн баасан гарагт Уран зургийн галерейд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтээ хийсэн билээ. Тус үзэсгэлэнд “Монгорү Цүүшин”-ий шаргал хуудсанд мөнхөрч үлдсэн олон сонирхолтой гэрэл зургийг дэлгэсэн юм.
Арлын орны сүмо бөхийг эзэгнэж буй монгол аваргуудын бахдам фото, Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн шуудангийн марк, Японоос Монголд суух анхны Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй агшин, тэр ч бүү хэл 1977 онд япончууд Монголын ард түмэнд таван тэрбум иенийн буцалтгүй тусламж олгож, Улаанбаатар хотноо ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах үйлдвэр барих хэлэлцээр байгуулсан мөчийг хүртэл гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээснийг олон нийтэд үзүүлж байгаа юм.
Уран зургийн галерейгаас буурь сэлгэж, өнөөдрөөс МУИС-ийн хойно байрлах Монгол-Японы төвд үзэгчдийн хүртээл болж эхэлсэн үзэсгэлэнд 60 гаруй гэрэл зураг дэлгэсэн бөгөөд тав хоногийн турш нээлттэй байна.
Монгол, Японы харилцаанд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж “Монгорү Цүүшин” сониныг 2013 онд Японы Элчин сайдын өргөмжлөлөөр шагнаж байв. Сүүлийн жилүүдэд МОНЦАМЭ агентлаг “Монгорү Цүүшин” сонины редакцад түшиглэн япон хэлээрх мэдээ, мэдээллээ цахим болон уламжлалт сонин гэсэн хосолсон хэлбэрээр түгээн уншигчдынхаа хүрээллийг тэлж байна.