“Улаанбаатар” наадмаар 20 улсын 22 уран сайхны кино үзэгчдэд хүрэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам энэ сарын 16-22-нд боллоо.
Энэ удаагийн наадамд нийт 20 улсын 22 уран сайхны кино олон нийтийн хүртээл болсноос наадмын онцлох орноор Швейцар Улс сонгогдож тус улсын гурван уран бүтээлийг онцлон толилуулав. Түүнчлэн “Монгол кино уралдаан”-д нийт 12 төрөлд шалгаруулалт явуулж “Хангарьд” шагналын эзэд тодорч, "Шилдэг найруулагч"-аар П.Золжаргал “Баавгай болохсон” уран сайхны кино, "Шилдэг зохиол"-оор Ш.Гүрбазар, Б.Батдэлгэр нарын зохиол, “Шар гэгээ” уран сайхны кино зэрэг 12 төрлөөр уран бүтээлчид өрсөлдлөө.
Энэ удаагийн кино наадмаар “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” хэсэгт шалгаран, шилдэг гол дүрээр шалгарсан бөгөөд шагнал болон “Алтан арслан”-г хүлээн авав. Мөн “Сэр сэр салхи” уран сайхны кино Монгол Улсаа төлөөлөн 96 дахь Оскарын шагнал гардуулах ёслолд оролцох уран бүтээлээр тодорсон.
Мөн наадмаар кино уран бүтээлчдийг чадавхжуулах “Авдраа уудал” сургалт, Монголын болон олон улсын кино уран бүтээлчдийг хамруулсан кино форумыг зохион байгуулж кино урлагийн хэтийн чиг хандлагын талаар уран бүтээлчид уулзаж санал солилцлоо.
“Улаанбаатар” олон улсын кино наадмыг Соёлын яам, Монголын Урлагийн Зөвлөл, Монгол Улсын Үндэсний Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд Кино урлагийг дэмжих тухай хуулийн дагуу Кино урлагийн зөвлөл байгуулж, уран бүтээлчид олон улсын кино наадам, Оскарын шагналд Монгол Улсаас нэр дэвших боломжтой болсон билээ.



