Э.Блинкен, А.Гутерриш нар үр тарианы гэрээний талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Anadolu/.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони
Блинкен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нар Хар тэнгисээр
үр тариа тээвэрлэх гэрээг сунгахгүй байх тухай Оросын мэдэгдлийн талаар пүрэв
гарагт утсаар ярих үеэрээ хэлэлцжээ.
“Э.Блинкен Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгын талаарх ОХУ-ын мэдэгдэлтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриштэй ярьсан” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэтью Миллер мэдээлсэн байна. Талууд үр тарианы гэрээ нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг, түүнчлэн түүнийг зогсоох нь хүнсний импортлогчдод, ялангуяа хөгжиж буй орнуудад сөргөөр нөлөөлнө гэдэгтэй санал нэгдсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад НҮБ-ын Дүрэмд тусгасан зарчмуудыг тууштай баримталж буйд талархал илэрхийлсэн байна. Турк, НҮБ, Орос, Украин өнгөрсөн оны долоодугаар сард Истанбул хотноо Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээ байгуулсан юм. Түүнээс хойш гэрээг хэд хэдэн удаа сунгасан бөгөөд сүүлд тавдугаар сарын 18-нд дахин хоёр сараар сунгасан билээ.
Зургаадугаар сарын 13-ны өдөр А.Гутерриш Орос Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээг долоодугаар сарын 17-ноос цааш сунгахгүй байх вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. “Бид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Оросын экспортыг хөнгөвчлөх ажлыг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна” гэж тэрбээр мэдэгджээ.