Амьд хөгжмийн “Seventh September” хамтлагийн шинэ EP цомог
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Seventh September” амьд хөгжмийн хамтлаг “Oh! 979” хэмээх шинэ EP цомгоо энэ сарын 14-нд гаргахаар болжээ. Энэ тухай тус хамтлагийн соло гитарчин Д.Мөнхбаясгалангаас тодрууллаа.
-“Seventh
September” хамтлаг
хэзээ байгуулагдав. Хамтлагтаа их өвөрмөц нэр өгчээ?
-Манай хамтлаг 2019 оны 9 дүгээр сарын 7-нд байгуулагдсан. Тиймээс хамтлаг байгуулагдсан сар, өдрөө бэлгэшээж энэхүү нэрийг өгсөн. Хамтлаг маань ахлагч, гоцлол дуучин, ритм гитарчин Д.Сүхбат, бөмбөрчин Х.Эрдэнэбаяр, аргил гитарчин Б.Бат-Ундрал, соло гитарчин миний бие гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тоглодог.
-Одоогоор
хэчнээн уран бүтээл сонсогчдодоо хүргээд байна вэ?
-Гурван сингл дуу цацаад байна. Хамгийн эхнийх нь “Бодлын шувуу”, “Нисдэг морь”, “Тэнгэрт” дуугаа нэрлэж болно.
-Амьд
хөгжмийн бусад хамтлагаас юугаараа ялгарах вэ?
-Манай хамтлаг амьд хөгжмийн бусад хамтлагтай харьцуулахад ямар нэг урсгалд баригдаж тоглодоггүй, тухайн үеийн мэдрэмж, нэгнийхээ санааг тусгасан уран бүтээл туурвиж байна. Хамтлагийн маань ахлагч Д.Сүхбат дууны үг бичиж, харин бид бүгд нийлж аяа зохиодог.
Миний хувьд өнгөрсөн жил дунд сургуулиа төгссөн бол хамтлагийн дуучин Д.Сүхбат СУИС-ийн хөгжмийн зохиолчийн анги төгссөн. Басс гитарчин Б.Бат-Ундрал Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурч байгаад өнгөрсөн гуравдугаар сард БНСУ руу суралцахаар явсан. Манай хамтлагийн бусад гурав маань СУИС-ийн “Бадмаараг” лицей сургуулийг төгссөн.
-Удахгүй
гаргах гэж буй шинэ цомгийнхоо талаар танилцуулна уу?
-“Oh! 979” нэртэй шинэ EP цомгоо энэ сарын 14-нд гаргана. EP гэдэг нь богино хэмжээний цомог юм. Шинэ цомог маань гурван дуутай. Манай хамтлагийн дууг сонсоход ийм жанраар тоглодог гэж тодорхойлох боломжгүй. Гурван дуу бүгд өөр өөр хэв маягтай.
2021 онд “Growl of Clown” хамтлагийн зохион байгуулсан “Wake Up” амьд хөгжмийн фестиваль дээр шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих бяцхан тэмцээн болсон. Тэрхүү тэмцээнд оролцсон 10 хамтлагаас үзэгчдийн хамгийн их санал авсан манай хамтлагийг EP цомог хийлгэх эрхээр шагнасан. Өнгөрсөн хоёрдугаар сард цомгийн дуунуудаа “The Library” студид бичүүлсэн. Ингээд энэхүү цомгоо энэ сарын 14-нд цацах гэж байна.
-Энэхүү
цомгоороо дамжуулан юуг илэрхийлэхийг зорьж байна вэ?
-Хамтлагийн маань дууны үг ихэвчлэн өсвөр үеийнхэнд зориулсан өөрийгөө нээх, гэгээлэг, сайн сайханд уриалсан утгатай. Цомогт багтсан “Ургах нар” дуунд монгол хэв маягийг тусгасан, харин “Өнгийн будаг” дуу синт поп, нөгөөх нь рок-н-ролл хэмнэлтэй дуу байгаа. EP цомгоо аз жаргал, гуниг, харуусал, баяр баясал бүх зүйлийг хүмүүст хөгжмөөрөө мэдрүүлэхийг зорин гурван өөр урсгалаар хийсэн.
-Танай хамтлаг
энэ зун амьд хөгжмийн “Play time” наадамд оролцох уу?
-Манай хамтлагийн басс гитарчин БНСУ явсан учраас өөр гитарчин тоглуулах уу, эсвэл энэ жил өнжих үү гэж ярилцаж байгаа.