Барилгын өртөг өмнөх улирлынхаас 3.5 хувиар нэмэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын өртгийн ерөнхий индекс (2015=100) энэ оны 3 дугаар улиралд 179.8 болж, барилгын өртөг өмнөх улирлынхаас 3.5, өмнөх оны мөн үеийнхээс 35.4 хувиар нэмэгдлээ.
Харин орон сууцны барилгын өртгийн индекс (2015=100) мөн улиралд 203.1 болж, барилгын өртөг нь өмнөх улирлынхаас 3.8, өмнөх оны мөн үеийнхээс 35.4 хувиар нэмэгдсэн байна.
Орон сууцны барилгын өртөг өмнөх улирлынхаас 3.8 хувиар нэмэгдэхэд машин механизмын түрээсийн зардал 8.9, материалын өртөг 2.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Орон сууцны бус барилгын өртгийн индекс (2015=100) 176.3 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 36.3, өмнөх улирлынхаас 3.6 хувиар нэмэгдсэн байна.
Орон сууцны бус барилгын өртөг өмнөх улирлынхаас 3.6 хувиар нэмэгдэхэд эмнэлэг, сувиллын барилгын өртөг 5.5, конторын барилгын өртөг 2.2 хувиар нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Инженерийн барилга, байгууламжийн өртгийн индекс (2015=100) 142.8 болж, өртөг нь өмнөх оны мөн үеийнхээс 19.2, өмнөх улирлынхаас 0.5 хувиар нэмэгджээ. Үүнд авто замын байгууламжийн өртөг 0.6 хувь, эрчим хүчний байгууламжийн өртөг 0.3 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.