Монгол Улс олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-11-06 09:50:40

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Лондон хотын “Эксел” үзэсгэлэнгийн төвд энэ сарын 4-6-нд болж буй “World Travel Market-2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол Улс “Go Mongolia” брэндээрээ хоёр дахь жилдээ оролцож байна.

 

“Хувьсан буй дэлхийд аяллыг шинээр тодорхойлох нь” сэдвийн хүрээнд болж буй энэ жилийн үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын бодлого, бизнес хөтөлбөрийн танилцуулга, хоёр болон олон талт хамтын ажиллагааны бизнес уулзалт, зөвлөгөөн, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн шийдлүүдийг танилцуулж байгаа аж.

 

Үзэсгэлэнд 184 орны зочид буудал, тур оператор, тээвэр, технологийн 3,875 байгууллагын 43,700 гаруй бизнес эрхлэгч оролцож байгаа нь өмнөх оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

 

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын тур оператор 10 байгууллага энэхүү 45 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд өөрсдийн харилцагч үйлчлүүлэгчдийн тоог нэмэх, зах зээлээ өргөжүүлэх болон олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах зорилгоор оролцож байна.

 






Связанные новости