Чөлөөт худалдаа болон эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-06 17:29:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Чөлөөт худалдааны хэлэлцээрт, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг ашиглах бизнесийн боломж” сэдэвт сургалт зохион байгууллаа.


Экспорт, импортын үйл ажиллагаа эрхэлдэг болон бизнесээ гадаад зах зээлд гаргахаар зорьж буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдэд зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох зорилготой энэхүү сургалт тогтмол өөр өөр сэдвийн хүрээнд болдог байна.


Энэ талаар Хөрөнгө оруулалт, худалдааны газрын Худалдааг дэмжих хэлтсийн дарга О.Эрдэнэбаяр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бизнесийн орчныг хөнгөвчлөх, худалдаанд саад бэрхшээлийг багасгах зорилгоор хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаан хүрээнд Хөрөнгө оруулалт, худалдааны газраас бизнесийн боломжуудын талаар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд мэдээлэл, зөвөлгөө үйлчилгээ үзүүлэх ажил хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр ЖДҮ-ийн газар, Гаалийн ерөнхий газар, МҮХАҮТ, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраан сургалт зохион байгуулж байна. Монгол улс бол Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Энэ хувиар бусад гишүүн орондоо тарифын хувь хэмжээгээ багасган гадаад худалдаанаас ашиг хүртэх, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн хүрээнд мэргэжилтнүүдээр зөвөлгөө, мэдээллийг сургалтаар дамжуулан өгөх юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн гол өгөөж нь бусад орон руу экспортод гаргах бараа нь тарифын хөнгөлөлт эдэлдэг. Энэ нь тухайн орондоо импортын татвараас хөнгөлөлт эдэлж байна гэсэн үг. Нэг ёсондоо Монголын бараа бүтээгдэхүүн гуравдагч орны зах зээлд боломж нэмэгдэж байна. Тэр утгаараа эдийн засгийн ач холбогдол ихтэй юм” хэмээн ярилаа.


Энэхүү сургалтын үеэр Монгол Улсын байгуулсан худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилт, тарифын хөнгөлөлт, гарал үүслийн бичиг баримтын шаардлага, жижиг дунд бизнесийн тулгамдсан асуудлууд, Ази, Номхон далайн бүсийн боломжуудын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, зөвлөгөө өгч байгаа юм. 




Связанные новости