Баянголын амны 2007 айлын орон сууцны төслийн барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-11-09 11:11:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн СХД-ийн 34 дүгээр хорооны Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж байна.


Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газар хооронд БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны нэн хөнгөлөлттэй зээлээр 2020 онд 2007 айлын иж бүрэн цогцолбор, гадна талбайдаа 903 автомашины зогсоолыг барьж байгуулах ажлыг тохирсон байдаг. Ийнхүү өнгөрсөн 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК шалгарч, барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. 


Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа юм. Мөн туслан гүйцэтгэгчээр “Голден лайт групп” ХХК, “Силикат констракшн” ХХК, “Өртөө харуул” ХХК, “Некст юнайтед индастрил монгол” ХХК, “Скайспид” ХХК болон “Батмандал өргөө” ХХК гэх зургаан монгол аж ахуйн нэгж ажиллаж байна. Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, тус аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс НЗДТГ-т удаа дараа гомдол ирүүлжээ.


Монгол талын туслан гүйцэтгэгч компаниудаас төслийн талбайд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг тавьсны дагуу нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай тус байршилд энэ сарын 8-нд ажиллажээ.


Тэд нэн түрүүнд санхүүжилтийн хохирлыг барагдуулахыг хүсэв. Мөн дээрх маргаантай холбоотой ерөнхий гүйцэтгэгч болон ерөнхий туслан гүйцэтгэгч ажлаа зогсоосон тул ямар нэгэн эзэнгүй болж орхигдсон блокуудын өвөлжилтийн бэлэн байдлыг хангах шаардлагатайг илэрхийлж байлаа. Учир нь эцсийн дүндээ уг барилгад 5000 гаруй өрх амьдрах, цаашлаад манай улсад үлдэх хөрөнгө учраас нэн яаралтай дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэхийг  түүнд  уламжилсан аж.


Уулзалтын төгсгөлд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Уг төслийг аль болох нэмэлт зардал гаргахгүй, хохирол багатай хэрэгжүүлэх нь чухал байна. Иймээс ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Ил Сонг” ХХК, ерөнхий туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК нарын хоорондын маргааныг эцэслэтэл нь хүлээлгүйгээр нийслэлээс туслан гүйцэтгэгч монгол зургаан аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар боллоо. Мөн ирэх долоо хоногт БНСУ-ын “Экспорт-Импорт” банкны төлөөлөлтэй уулзан, үүсээд буй асуудлыг уламжилна” гэсэн юм. 


Ташрамд, барилгын арматур нь цас, чийг авснаар зэвэрнэ. Зэвэрсэн арматур дээр бетон цутгаж болдоггүй. Тийм учраас өвлийн нөхцөлд арматурыг үлдээх гэж байгаа бол чийг оруулахгүй байдлаар хамгаалж үлдээх шаардлагатай байдаг аж.   






                                                              

Связанные новости