С.Батмөнх: Дотоодын найдвартай сүлжээгээр эрчим хүчний интеграцид нэгдэх хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-10-09 13:43:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улс сэргээгдэх эрдэс баялаг, түлшний их нөөцтэй учир эрчим хүчний хувьд хараат бус байх бүрэн нөхцөл бүрдсэн. Бодлого, төлөвлөлтийг сайн хийж чадвал эрчим хүчээ экспортлох боломжтой гэдгийг ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор, академич С.Батмөнх өнөөдөр болж буй "Эрчим хүчний системийн аюулгүй байдал ба эдийн засгийн өсөлт" хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. 


Гэхдээ юуны өмнө дотоод хэрэгцээгээ бүрэн хангах эрчим хүчний найдвартай, тогтвортой сүлжээг байгуулж байж дараа нь харин Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээнд холбогдох хэрэгтэй гэдгийг онцлов.


Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж, "Норвегийн жишээ байна. Тэнд эрчим хүчний татвар өндөр ч гэсэн хөрөнгө оруулагчид тийшээ хандаад байдаг нь тухайн улсын бодлого, хөтөлбөр тогтвортой. Дээр нь Европын том зах зээл байна. Тэгвэл манай улсыг тойроод ч эрчим хүчний том зах зээлүүд байна. Тэгэхээр энд гагцхүү бодлого, татвар л хөндөгдөж байна. Үүнийг шийдсэн нөхцөлд манай улс эрчим хүчний интеграц руу ороход бэлэн" гэсэн санааг хэлж байлаа. Тиймээс төр, засаг эрчим хүчний салбарт эрсдэл хүлээгээд ч болов томоохон станцуудыг барьж эрчим хүчний сүлжээгээ улс орныг дотооддоо найдвартай бүрэн хангах хэмжээнд аваачих хэрэгтэй байгааг дээрх хоёр хүн санал нэг хэлж байлаа. 


Хэрэглээ, түгээлтийн эх үүсвэр ойр байж эрчим хүчний сүлжээ эдийн засагт эерэгээр нөлөөлнө



ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Ганзориг дотоодын эдийн засаг дахь эрчим хүчний нөлөөл бүхий хамаарлын шалтгааны талаар тавьсан илтгэлдээ, эрчим хүчний сүлжээ нь нөөц, тээвэрлэлт, түгээлт зэрэг бүтцийн олон хүчин зүйлээс хамаарч эдийн засагт, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдгийг дурдаж байв. Тэрээр хэрэглээ, түгээлтийн эх үүсвэр аль болох ойр байвал эрчим хүчний сүлжээ эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэдгийг онцоллоо.


Манай улсын баруун бүсийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангахад Тайшир, Дөргөний УЦС оролцуулах боломжтой.Төвийн бүс нүүрс, дулааны станцаар хангагдаж байна. Энэ бүсийг эрчим хүчээр хангах Эгийн болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг яаралтай шийдэх хэрэгцээ бий. Зүүн бүсэд Дорнодын дулааны станцыг шинэчилээд буй. Харин уул уурхай хөгжсөн өмнөд бүсэд эрчим хүчний хэрэглээ өсөж буй учир энд Тавантолгойн цахилгаан станц барихаар шийдвэрлэсэн нь зөв юм. Энэ нөхцөлд Оюутолгойн ордын хэрэглээнээс 100 гаруй сая ам.долларын хөрөнгө босч байгаа нь нөөц боломж байгааг харуулж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчидж өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж байлаа. ("Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК Оюутолгойн ордыг эрчим хүчээр хангаж эхэлж буй. Энэ талаар саяхан гэрээнд гарын үсэг зурсан)


"Стратеги академи" ТББ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэгт Эрчим хүчнй сайд Н.Тавинбэх, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор, академич С.Батмөнх, эрдэмтэн, судлаач мэргэжилтнүүд, эрчим хүчний салбарын төрийн болон ТББ-ын төлөөлөгч оролцлоо. 

Улс орны аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбарын нэг эрчим хүчний өнөөгийн байдал, төр, засгаас хэрэгжүүлэх бодлого, хэрэгжилтийн талаар өнөөдрийн хэлэлцүүлгээс гарч буй санал, дүгнэлт, гарц, зөвлөмжийг нэгтгэн ЭХЯ-нд уламжилж байгаагаа зохион байгуулагч, Стратегийн академийн захирал Х.Сайхансанаа хэлсэн юм. Тэгвэл хэлэлцүүлэгт оролцсон Эрчим хүчний сайд Н. Тавинбэх хэлэлцүүлгийн үр дүнг цаашид   ажил хэрэг болгоход анхааран ажлын хэсэг байгуулан хамтран ажиллах санал дэвшүүллээ. Тэрээр, Монгол Улсын эрчим хүчний салбарын чухал асуудлын талаар судалгаа хийж, хэлэлцүүлж байгаад салбарын эрдэмтэн судлаач нарт талархлаа илэрхийлэн амжилт хүссэн юм.

Эрчим хүчний салбарын хөгжлийг хангахад шаардлагатай байгаа томоохон төсөл хөтөлбөрийн хувьд нэгдсэн стандарт бий болгож, хоёр хөрштэйгээ эрчим хүчний бодлогын талаар харилцан ойлголцох,  тэдний эрчим хүчний бодлогыг анхааран авч үзэх, барилга угсралтын ажлын үе шатанд гарч буй газрын маргааныг нэгдсэн байдлаар авч үзэх, эрчим хүчний хөгжлийн бодлогоо дэлхий нийтийн "Ногоон хөгжил"-ийн чиг хандлагатай уялдуулах,  хүний нөөцөд анхааран ажиллах шаардлагатай байгааг тэмдэглэв.  

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай  эрчим хүчний шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх, үнэ тариф бага байгааг эргэж харах, сэргээгдэх эрчим хүчний бүтэц алдагдсан зэргийг онцлон  авч үзэх шаардлагатайг дурдаад сонирхолтой, үр дүнтэй  саналууд гарсныг онцоллоо. Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал бол улс орны аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, эрчим хүчний бодлого судалгаанд суурилж байх нь чухал юм гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгээр хөндөж байв.




Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Связанные новости