Монгол Улс төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх санаачилгад нэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-25 14:52:38

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн сайд нарын 24 дүгээр уулзалтын үеэр бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гурван чухал баримт бичигт гарын үсэг зурлаа.


Ойрын хугацаанд нэг санамж бичигт нэгдэж, худалдаа, цахим хөгжил, инноваци, аялал жуулчлалын салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахыг зорьж байгааг Эдийн засаг хөгжлийн яам мэдээлэв.


КАРЕК-ийн Худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих түншлэлийн хэлэлцээрийн (CARTIF) хэлэлцээг эхлүүлэх тунхаглалыг дэмжсэнээр Монгол Улс бүс нутгийн худалдааны саадыг багасгах, ил тод, уян хатан зохицуулалтын орчин бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний уялдаа холбоог сайжруулахад идэвхтэй оролцохоо баталгаажуулжээ.


Мөн инновац, венчур санхүүжилтийн бүс нутгийн механизмыг бий болгох Инновац ба гарааны хөрөнгө оруулалтын (CIVIC Facility) санаачилгад гарын үсэг зурсан нь гарааны бизнес, технологийн салбарын өсөлтийг бүс даяар дэмжих, хөрөнгө оруулалтын хүртээмжийг нэмэх шинэ боломжийг манай улсад нээж байна. Энэ хүрээнд Сангуудын сан байгуулж, үе шаттай өргөжүүлэх боломж бий болох ажээ. Үүнтэй зэрэгцэн цахим холболтын чанар, хурд, аюулгүй байдлыг сайжруулах КАРЕК-ийн Цахим коридорын санамж бичигт ойрын хугацаанд нэгдэхээ илэрхийлсэн байна. Ингэснээр бүс нутгийн мэдээллийн урсгалыг үр ашигтай холбох, интернэтийн дэд бүтцийг олон улсын түвшинд уялдуулах, кибер аюулгүй байдлын зохицуулалтыг сайжруулах юм.


Түүнчлэн бүс нутгийн аялал жуулчлалыг ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй хэлбэрээр хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс хил дамнасан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх, цахим виз зэрэг үйлчилгээг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөтгөх боломж бий болголоо. Эдгээр баримт бичиг нь манай улсын бүс нутгийн интеграц төдийгүй худалдаа логистикийн шинэчлэл, цахим дэд бүтцийн хөгжил, инноваци, аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварыг нэмэх стратегийн ач холбогдолтой ажээ. 

Связанные новости