БНСУ-д визгүй зорчих, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эхний ээлжид эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж буй монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх хүсэлтэй байна.
Хэрэв манай улсын иргэдийн визийн асуудалд бодитой ажил
хэрэгчээр хандаж,
шийдвэрлэхгүй тохиолдолд 2026 оноос БНСУ-ын иргэдийг визтэй зорчдог болгохоос
өөр аргагүйг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан
хорооны 9 дүгээр хуралдааны үеэр Монгол
Улсын нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулах үеэрээ мэдээлэв.

Талууд
Монгол, БНСУ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тэр дундаа худалдаа, эдийн
засаг, эрдэс баялаг, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин,
боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх,
төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн Монгол, БНСУ-ын
хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай санал солилцсон юм.
Манай улс БНСУ-руу жилд ердөө 50 гаруй сая ам.долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая ам.долларын импорт хийдэг. Тэгвэл монголын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргах, тус хэлэлцээрт хөдөө аж ахуйн тэр дундаа арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргахыг заавал тусгах талаар байр сууриа илэрхийллээ.
Гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс
боловсруулах үйлдвэрүүдийн нээлттэй тендерт тус улсын дэлхийд тэргүүлэгч
компаниудыг оролцуулах, чухал
ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар боллоо. Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргаж ажиллахаар
уулзалтын төгсгөлд тохирсон байна.

Ташрамд дурдахад, агаарын тээврийн либералчлалын үр дүнд хоёр улсын хооронд өмнө нь 7 хоногт 7 нислэгтэй байсан бол одоо 70-80 болж нислэгийн давтамж нэмэгдэж, тийзийн үнэ 3 сая төгрөг байсан нь 1 сая төгрөг болж 3 дахин хямдарчээ. Үр дүнд нь зөвхөн энэ 2025 онд гэхэд БНСУ-ын 180 мянган иргэн манай улсад иржээ.
Дээрх хуралдаанд
ЗГХЭГ-ын дарга, Монгол хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын талаас тус улсын
Гадаад Хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга, хатагтай Ким Жин А тэргүүтэй
төлөөлөгчид оролцжээ.
Связанные новости
Ulaanbaatar