Палестин Бахрейн улсаас Элчин сайдаа эргүүлэн татжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /Al Jazeera/. Бахрейн улс Израилтай харилцаагаа хэвийн болгох шийдвэр гаргасантай холбогдуулан Палестины эрх баригчид тус улсаас Элчин сайдаа эргүүлэн татжээ. Палестины Элчин сайд бямба гарагт Бахрейны нийслэл хотыг орхин гарсан байна.
Америкийн зуучлалтайгаар Бахрейн, Израилын хооронд дипломат харилцаа тогтоох тохиролцоонд хүрснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 11-нд мэдэгдсэн билээ. Трамп өмнө нь наймдугаар сарын 13-нд Израиль, АНЭУ-ын харилцааг бүрэн хэвийн болгох талаар тохиролцсоныг мэдэгдсэн юм. Хэлэлцэн тогтсоны дагуу Израил Иордан голын Баруун эргийн нутаг дэвсгэрт тусгаар тогтнолоо өргөжүүлэх шийдвэрээ түр хойшлуулна. Энэ шийдвэрийг Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах АНУ-ын төлөвлөгөөнд тусгажээ.
Израилтай харилцаагаа хэвийн болгох Арабын дээрх хоёр улсын шийдвэрийг Палестины эрх баригчид эрс буруушаасан байна. Энэ мэдэгдлийн дараа тэр даруй Палестины Элчин сайдыг Абу Дабигаас эргүүлэн татжээ.
Палестины эрх баригчид АНЭУ-Израилийн гэрээг буруушаасан тогтоолын хувилбараа есдүгээр сарын 9-ний өдөр болсон Арабын улсуудын холбооны сайд нарын түвшний уулзалтын үеэр танилцуулсан боловч Арабын орнуудын төлөөлөгчид хэдэн цагийн турш хэлэлцсэний эцэст зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Одоогийн байдлаар Египет, Иордан улс Израилтай найрамдлын гэрээ байгуулжээ. АНЭУ-ын эрх баригчдын үзэж байгаагаар, Израилтай байгуулсан тэдний гэрээ нь Палестины асуудалд сөргөөр нөлөөлөхгүй харин эсрэгээрээ шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж магадгүй аж.
Израил Арабын хоёр улстай байгуулсан найрамдлын гэрээнд есдүгээр сарын 15-нд Цагаан ордонд гарын үсэг зурах төлөвтэй байна.