Сирид тавьсан хоригийг албан ёсоор цуцалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-01 10:26:43

ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 1 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Сирийн эсрэг эдийн засгийн хоригийг цуцлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Цагаан ордноос мэдэгдсэнээр, энэхүү шийдвэр нь “тогтвортой байдал, энх тайвны замд" хийж буй алхам юм.


“Тогтвортой, эв нэгдэлтэй, хөрш орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн оршдог Сири улсыг АНУ тууштай дэмжинэ. Террорист байгууллагуудыг орогнуулдаггүй, шашны болон үндэстний цөөнхийн аюулгүй байдлыг хангадаг нэгдмэл Сири улс нь бүс нутгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг баталгаажуулна” гэж зарлигт дурдсан байна. 


Харин Орос руу зугтан гарсан Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад, түүний гэр бүлийн гишүүд, мөн түүний удирдаж байсан дэглэмийг дэмжигчдэд тавьсан хориг арга хэмжээ хүчинтэй хэвээр байх ажээ.  


Д.Трамп Сирийн шинэ удирдагч Ахмед аш-Шараатай Эр-Риядад уулзахынхаа өмнө Сирид тавьсан хоригийг цуцална гэж тавдугаар сард мэдэгдэж байсан юм. Цагаан ордноос мэдэгдэхдээ, “Израилтай харилцаагаа хэвийн болгох талаар тодорхой алхам хийх" зэрэг Сирийн шинэ засгийн газрын үйл ажиллагаанд бид хяналт тавина гэжээ. 


Хориг арга хэмжээг цуцалснаар Сирийн эдийн засгийг сэргээхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаснаар тус улс олон улсын хамтын нийгэмлэгт нээлттэй болно гэж Сирийн Гадаад хэргийн сайд Асад аль-Шибани мэдэгдсэн байна. 


АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн мэдэгдэлд дурдсанаар, хориг арга хэмжээг цуцлах зарлиг гаргаснаар “Асадын дэглэмийг түлхэн унагасны дараа Сирийн ард түмэн амьдралаа шинээр эхлүүлэх боломжтой болно гэжээ “Өнөөдрийн шийдвэр Сирийн эдийн засгийг дэлхий дахинтай дахин холбож, дэд бүтцийг нь сэргээн босгоход тусална” гэж тэрбээр мэдэгдсэн байна.



Связанные новости