Эрдоган: Трамп Оросын Ерөнхийлөгчтэй Туркт уулзахад бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-27 10:57:44

ХААГ, 2025 оны зургаадугаар сарын 27 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины асуудлыг хэлэлцэхээр Истанбул эсвэл Анкара хотод ирэхэд бэлэн байна. Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирсэн тохиолдолд л ийм уулзалтад оролцоно гэжээ. Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Хаагт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцах замдаа онгоцонд сэтгүүлчдэд ярьсныг Туркийн “TRT Haber” суваг пүрэв гарагт мэдээллээ. 


“Орос, Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдэх гарц олдох найдвар багагүй бий гэж бодож байна. Энэ шийдлийг олохын тулд зүүгээр газар малтахтай адил хэцүү байсан ч гэсэн бид үүнийг хийх болно. Бидний эцсийн зорилго бол манай улсад удирдагчдын түвшний уулзалт зохион байгуулж, удаан хүлээсэн энх тайвныг тогтоох явдал юм” гэж Эрдоган хэлжээ.


Тэрбээр Хаагт болсон уулзалтын үеэр Трамптай Украины асуудлаарх энхийн хэлэлцээнд АНУ-ын Ерөнхийлөгч оролцох боломжийг хэлэлцжээ. “Хэрэв Оросын Ерөнхийлөгч В.Путин Истанбул эсвэл Анкарад ирвэл би ч бас очно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн гэж Эрдоган хэлэв.


Туркийн удирдагч мөн Истанбулд болсон Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ “энх тайвныг тогтоох үүд хаалгыг нээсэн” гэдгийг хэлээд, бүгдээрээ энх тайвнаас татгалзсан ч гэсэн бид татгалзахгүй гэж мэдэгджээ. В.Зеленский, В.Путин, Д.Трамп нарыг уулзуулах нь түүний “хамгийн том хүсэл” гэж Туркийн Ерөнхийлөгч зургаадугаар сарын эхээр ярьж байсан юм. Харин Кремль мэдэгдэхдээ, Ерөнхийлөгч Путин ийм уулзалтад оролцоход бэлэн байгаа хэдий ч эхлээд "хоёр орны төлөөлөгчдийн шууд хэлэлцээ үр дүнд" хүрэх ёстой гэжээ. Хамгийн сүүлчийн ийм хэлэлцээ зургаадугаар сарын 2-нд Истанбулд болсон юм.



Связанные новости