Төсөвт тусгасан зарцуулалтад шүүмжлэлтэй хандав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-04 14:31:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс түүхий эдийн үнийн тодорхой хувийг Төсвийн тогтворжуулалтын санд тууштай төвлөрүүлэх хэрэгтэй байна. Мөн уул уурхайн өсөлтийн орлогыг ч тусад нь байлгаж, олон улсад гарган хадгалах хэрэгтэй гэдгийг эдийн засагч Н.Энхбаяр өнөөдөр МҮХАҮТ-д болсон “Эдийн засгийн хүндрэлийг улсын төсвийн оновчтой төлөвлөлт, удирдлагаар даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэг дээр онцоллоо. 


Эдийн засагчид, бизнес эрхлэгчид, эдийн засгийн сэтгүүлчид оролцсон уг хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ улсын төсөвтэй холбоотой саналаа УИХ-д жил бүр хүргүүлдгийг дурдаад, энэ оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлэх үед эрсдэлийг харгалзан үзээгүй хэт өндөр төсвийн орлого зарлага, алдагдлыг төлөвлөсөн гэлээ.


Тэрээр, "COVID-19"-ийн цар тахлын үед төсвийн тодотгол хийхдээ зардлыг эрэмбэлэх зарчмыг баримтлан зайлшгүй бус зардлаа танах царцаах, алдагдлыг тохиромжтой түвшинд барьж, эдийн засгийн хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ.

Дэлхийн банкны эдийн засагч Б. Даваадалай хэлэхдээ, “Төсвийн алдагдал дэлхий даяар өсөж байна. Монгол Улсын хувьд 10 хувийн алдагдалтай байгаа нь бүс нутгийн бусад улстай харьцуулахад өндөр байна” хэмээсэн бол Нээлттэй нийгэм форумын менежер Д.Оюунбадам, "Төсвийг боловсруулахад иргэд, татвар төлөгчдийг оролцуулдаг механизмыг бий болгох хэрэгтэй. Төсвийн тодотголыг иргэдэд нээлттэй танилцуулах хэрэгтэй байна. Бидэнд төсвийн хөрөнгө оруулалт дээр тодруулах хэд хэдэн асуудал байгаа талаар санал хүргүүлсэн” гэв.


Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн зарим төлөөллийн үгийг хүргэвэл, "Ард лайф" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, "COVID-19"-тэй холбоотой эдийн засгийн хүндрэлийг хөрөнгийн зах ээлийг хөгжүүлж байж, эрсдэл багатай даван туулна. Мөн 2030 онд зарцуулалт нь эхлэх Ирээдүйн өв санг хөрөнгийн зах зээлийн эргэлтэд оруулахгүй бол үнэ цэнэ нь буурах болно” гэв. 


"Жүр үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул, “Улсын батлагдсан төсвийн ихэнх хувь хэмжээг хувийн хэвшил бүрдүүлдэг хэдий ч зарцуулалтын өгөөж, үр дүн нь бидэнд огт хүртээмжгүй байдаг. Нүдэнд харагдах байшин барилгаа л хөрөнгө оруулалт гэж үздэг. 1000 гаруй хүнтэй суманд том Соёлын ордон барих зэргээр үр ашиггүй бүтээн байгуулалт их байна. Гүйцэтгэл дундаас ашиг унагах гэсэн цөөн хүмүүсийн эрх ашиг ч бас байна. Энэ хүнд үед байшин барих, зам тавихаа зогсоогоод боловсролд хөрөнгө оруулмаар байна. Иргэд ч хандлагаа өөрчилмөөр байна” гэв.


"Нью Жуулчин" ХХК-ийн ерөнхий захирал Ш.Нэргүи, “Олон салбарыг хамаарч,  ажлын байр олныг шингээдэг аялал жуулчлалын салбар цар тахлаас болж зогслоо. Дотоодын аялал жуулчлал нэгдсэн бодлого зохицуулалтгүй, дураараа яваад хөгжихгүй. Аялал жуулчлалын тухай хууль батлана гээд 2 жил боллоо. Энэ салбарт бодлогын дэмжлэг нэн түрүүнд хэрэгтэй байнӑ” гэдгийг хэлж байв.


Өнөөдрийн хэлэлцүүлэг нь Монгол Улсын төсвийн өнөөгийн байдал, тулгарч буй зүйл, алдаа сургамж, улсын төсвийн 2020 оны тодотгол, цар тахлын улмаас эдийн засагт учирч буй хүндрэлийг даван туулахад төсвийн зөв оновчтой төлөвлөлтийн үр нөлөө, улсын төсвийн алдагдлыг бууруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх гарц шийдлийн талаар эдийн засагчид болон бизнес эрхлэгчдийн үгийг сонсон санал зөвлөмж гаргах зорилготой юм.

Связанные новости