Монголын үйлдвэрлэгчдэд Итали дизайнер сургалт явууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-21 09:12:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Итали улсын алдарт дизайнерүүдийн нэг Ивано Филиппин манай улсын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт цахим сургалт явуулав. МҮХАҮТ-аас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Монголын худалдааг дэмжих "ТРАМ" төслийн хүрээнд болсон уг сургалтад манай улсын арьс ширний үйлдвэрлэлийн 20 гаруй компани, “Урлах эрдэм” сургууль болон СУИС-ийн багш, дизайнерууд хамрагдав. 

Италийн дизайнер Ивано Филиппин сургалтын өмнө Монголын үйлдвэрлэгчдээс илгээсэн цүнх, түрийвч зэрэг арьсан ширэн бүтээгдэхүүнийг хүлээн авч танилцсаны үндсэн дээр арьсны боловсруулалт, загвар дизайн, хэлбэр хийцийн талаар үнэлэлт дүгнэлт өглөө.


Тэрээр монгол малын түүхий эд, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүний чанар сайн боловч боловсруулалт дутагдалтай, хүнд жинтэй, хурц үнэртэй байгааг дурдлаа. Мөн химийн боловсруулалтыг хялбар шийдэх арга технологи, буруу боловсруулсан технологи арьсанд сөргөөр нөлөөлдөг талаар сургалт явууллаа.

Дээрх сургалт нь "ТРАМ" төслийн хүрээнд болох 4 удаагийн сургалтын эхнийх нь юм. Монголын худалдааг дэмжих "ТРАМ" төсөл нь уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг дэмжиж ажилладаг. Тухайлбал, органик гоо сайхан, арьс шир, торомны ноос, сарлагийн хөөврийн үйлдвэрлэлээр кластер байгуулж, дэлхийн зах зээлд гарахад дэмжин ажиллаж байна.


Связанные новости