"Ард санхүүгийн нэгдэл" ногдол ашиг хуваарилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ард санхүүгийн нэгдэл" ХК хувьцаа эзэмшигч нийт 4234 хүний ногдол ашгийг 6 сарын 30-нд буюу өнөөдөр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлжээ.
Ингэснээр ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийн дансанд ажлын 3 хоногт багтаан хуваарилах юм.
"Ард Санхүүгийн нэгдэл" ХК-ийн ТУЗ энэ оны 2 сарын 18-ны эчнээ санал хураалтаар компанийн 2019 оны цэвэр ашгийн 12.65 хувь буюу нэгж хувьцаанд 34.95 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгаар хуваарилах шийдвэр гаргасан юм. Хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг мөн энэ оны 4 сарын 7-ноор тогтоосон талаар өмнө мэдэгдэж байсан. Уг шийдвэрийн дагуу тухайн бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан нийт хувьцаа эзэмшигч нарт ногдол ашгийг ийнхүү хуваарилжээ.