Зээлийн болон хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-06-25 12:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ Монголбанктай хамтран “Инфляцын хүлээлт” түүвэр судалгааг иргэд болон ААН-үүдийн дунд явуулжээ. 

Энэ удаагиийн судалгаа нь уламжлалт асуулгаас гадна "COVID-19"-ийн халдварын цар тахал ААН-үүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл болон цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийг тодруулснаар онцлогтой болжээ. ААН-үүдийн дунд явуулсан түүвэр судалгааны гол үр дүнг танилцуулбал:

  • ААН-үүд инфляцын түвшинг тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 5.6 хувь, II улиралд 6.4 хувь байхаар тус тус хүлээж байна,
  • Харин ААН-үүдийн чанарын болон мэдрэмж (үнийн өсөлтийг мэдэрч буй байдал)-д суурилсан инфляцын хүлээлтийн хувьд 2020 оны III улирал болон 2021 оны II улиралд инфляцыг тэг хувийн орчимд буюу үнийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар хүлээж байна,


  • ААН-үүдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт давамгайлж байна,
  • ААН-үүд ирэх 3 сарын хугацаанд нийт эрэлт буурна гэж хүлээж байна,
  • ААН-үүд ажлын байр болон цалингийн түвшнийг бууруулахаар төлөвлөж байна.


Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 78 хувь нь ирэх улиралд инфляцын түвшинг зорилтот түвшин болох 8 хувиас хэтрэхгүй гэж хүлээж байна,

  • Иргэд зээлийн хүү болон хадгаламжийн хүүг ирэх 3 сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй байна,
  • Иргэдийн төгрөгт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулахад суларсан байна,
  • Иргэдийн дунд ирэх 3 сарын хугацаанд эдийн засгийн өсөлт муудна гэсэн хүлээлт давамгайлж байна.

"COVID-19"-ийн халдварын цар тахал нь өрхийн санхүүгийн байдал, иргэд (тэр дундаа бага орлоготой болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд)-ийн цалинд сөргөөр нөлөөлжээ. Иргэдэд цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийн хувьд: 

  • Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкууд "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний уялдааг хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч ажиллах, 
  • Монголбанкнаас зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хүүг бууруулж, хугацааг сунгах арга хэмжээг шат дараатай авах, хэрэгжилтийг хангах,
  • Засгийн газраас төсөвт тодотгол хийж, төсвийн сахилга батыг хангах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зэргийг онцолжээ. 



“Инфляцын хүлээлт” түүвэр судалгаа Монголбанк тогтмол явуулдаг бөгөөд энэ удаа МҮХАҮТ-тай хамтран "COVID-19"-ийн халдварын цар тахлын эсрэг авч буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор Дэлхийн банкны “CAPI” системд суурилан анх удаа онлайн хэлбэрээр зохион байгуулжээ. 


Связанные новости