Монгол, Беларусийн бизнес эрхлэгчид хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Беларусийн бизнес эрхлэгчид Евро-Азийн орнууд болон Монголд зохиогддог томоохон үзэсгэлэн, худалдаанд оролцох боломжтой. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин Минск хотноо Беларус улсын ХАҮТ-ын дэд ерөнхийлөгч Сергей Набешкатай уулзах үеэр хөндлөө.
Уулзалтаар Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг Беларусь улсад таниулан сурталчлах, экспортлох талаар мөн санал солилцов. Беларусь нь ХАА-н салбар, хүнсний ногоо, газар тариалангийн тоног төхөөрөмж, 4 улирлын хүлэмжийн аж ахуйн технологи өндөр хөгжсөн орон.
"Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг оновчтой хэрэгжүүлбэл зарим хүнсний ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор хангадаг манай улс Беларусийн жишээгээр хүнсний нарийн ногоог дотооддоо бүрэн хангах боломж нээгдэх юм" гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.