Нетаньяху "Ликуд" намын даргын сонгуульд ялжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетяньху пүрэв гарагт болсон “Ликуд” намын даргын сонгуульд 72.5 хувийн санал авч яллаа гэж тус улсын төрийн мэдлийн "Kan" радио намын албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжилжээ.
Нетаньяху намын даргын сонгуульд ялснаа өмнө нь мэдэгдээд, 2020 оны гуравдугаар сарын 2-нд болох Израилийн парламентын хоёр дахь давтан сонгуульд “Ликуд” намаа амжилтад хүргэнэ гэж амласан байна.
Өнгөрсөн есдүгээр сарын 17-нд болсон эхний давтан сонгуулийн дараа эвслийн Засгийн газар эмхлэн байгуулах хугацаа дууссантай холбоотойгоор 22 дахь удаагийн сонгуулийн Кнессетийг /парламент/ 12 дугаар сарын 12-нд тараажээ. Дөрөвдүгээр сарын 9-нд болсон парламентын сонгуулийн дараа Нетаньяху мөн түүнд өгсөн хугацаанд багтаж Засгийн газраа байгуулж чадаагүй байна.
Нетаньяху сайд нарын шинэ танхим тангаргаа өргөх хүртэл шилжилтийн Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ.