Улаан загалмай нийгэмлэг барьцаалагдсан ажилтнуудаа суллахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /BBC/. Олон улсын улаан загалмай нийгэмлэг /ОУУЗН/ таван жил хагасын өмнө Сирид барьцаалагдсан гурван ажилтныхаа талаарх мэдээллийг хайж байна.
ОУУЗН-ийн мэдэгдэлд дурдсанаар, Луиза Акави, Алаа Раджаб болон Набиль
Бакдунес нар 2013 оны аравдугаар сард Сирийн баруун хойд нутгийн Идлиб муж руу
явсаны дараа сураггүй болсон аж.
“Л.Акави “Лалын улс” бүлэглэлийнхний барьцаанд байсан бөгөөд 2018 оны эцсээр
амьд байсан гэх нотолгоо байгаа” гэж ОУУЗН мэдэгджээ. Харин А.Раджаб болон Н.Бакдунес
нарын мэдээлэл тодорхойгүй байна.
62 настай Л.Акави нь Шинэ Зеландын иргэн бөгөөд 17 хээрийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж байжээ. Сирийн иргэд болох А.Раджаб, Н.Бакдунес нарын хувьд хүмүүнлэгийн
тусламж хүргэдэг жолооч юм.
“Барьцаалагдсан хэмээн таамаглаж буй ажилтнуудын ар гэрийнхэн сүүлийн таван жил хагасын турш шаналж байна. Л.Акави бол үнэнч, энэрэнгүй нэгэн. А.Раджаб,
Н.Бакдунес нар бол ажил үйлсдээ чин сэтгэлээ зориулдаг ажилтнууд бөгөөд
хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлын нэгээхэн хэсэг байсан” гэж ОУУЗН-ийн үйл
ажиллагаа хариуцсан дарга Доминик Стиллхарт мэдэгджээ.
Мөн тэрбээр ажилтнуудынхаа талаарх мэдээллийг өгөхийг ард иргэдэд уриалаад,
хэрэв тэд өдийг хүртэл барьцаанд байгаа тохиолдолд нөхцөл болзолгүйгээр нэн даруй суллахыг
шаардсан байна.