Blue Origin жуулчдыг сансарт аялуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-06-30 10:33:20

НЬЮ-ЙОРК, 2025 оны зургаадугаар сарын 30 /TASS/. Америкийн “Blue Origin” компани сансрын дэд тойрог замд /суборбитал/ нислэг үйлдэх “New Shepard” хөлгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр хөөргөжээ. Энэ бол жуулчдыг сансарт илгээж буй 13 дахь удаагийн нислэг юм.  


Хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас ням гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 10:40 цагт хөөргөжээ. Энэ удаагийн нислэг 10 орчим минут үргэлжилж, хөлөг Дэлхийн гадаргуугаас дээш 100 орчим км-ийн өндөрт орших “Карманы шугам”-д хүрсэн байна. Нислэгийн үеэр сансрын жуулчид хэдэн минутын турш жингүйдлийг мэдэрч, сансраас эх дэлхийгээ ажиглан харжээ. Үүний дараа нислэгт оролцогч зургаан хүн бүхий капсул амжилттай газардсан байна. Дахин ашиглах зориулалттай хурдасгуур болон зорчигч тээвэрлэх капсул бүхий "New Shepard" пуужинг 33 дахь удаагаа хөөргөсөн нь энэ юм.

Энэ удаад байгаль орчныг хамгаалагч идэвхтэн Элли Кюнер, түүний нөхөр, үл хөдлөх хөрөнгө ба хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Building and Land Technology” компанийн ТУЗ-ийн дарга Карл Кюнер, буяны үйлстэн Лиланд Ларсон, бизнес эрхлэгч бага Фредди Рескиньо, хуульчид болох Жим Ситкин, Оволаби Салис нар “New Shepard” хөлгөөр сансарт аялжээ. 


“Blue Origin” компанийг бизнес эрхлэгч Жефф Безос 2000 онд байгуулсан юм. Тус компани сансрын хөлөг, хүнд даацын зөөгч пуужин болон пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэдэг. Үүнээс гадна, "Blue Origin" нь дэд тойрог замд аялуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тус компанийн өрсөлдөгч нь “Virgin Galactic” компани юм. “Virgin Galactic”-ийн нислэгийн тасалбарын үнэ нэг хүний 600 мянган ам.доллар байдаг бол “New Shepard” хөлгөөр аялах нэг суудлын үнэ хэд болохыг "Blue Origin" ил зарладаггүй. 


Связанные новости