Хятадад хамгийн том цахим худалдаа эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /Kazinform/. Хятадад “Ганц бие хүмүүсийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулдаг хамгийн том цахим худалдаа эхэллээ.
Ийм төрлийн хямдралтай худалдаа анх зөвхөн 11 дүгээр сарын 11-нд болдог байсан боловч сүүлийн жилүүдэд цахим худалдааны платформууд хэрэглэгчдээ идэвхжүүлэх зорилгоор хугацааг нь сунгах болжээ. Энэ оны хямдрал 11 дүгээр сарын 14-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хямдралтай худалдаа болно.
Борлуулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд цахим худалдааны томоохон компаниуд платформдоо хиймэл оюуны технологийг нэвтрүүлж байна. Тухайлбал "Alibaba" компани өөрийн бүтээсэн хиймэл оюуны загварыг цахим худалдааны аппликейшндээ нэгтгэж, хэрэглэгчдэд илүү нарийвчилсан хайлт болон хувийн тохиргоотой зөвлөмжийг хүргүүлдэг болжээ. Жишээ нь, “Юньнань мужийн трюфель чихрүүдийн аль нь хамгийн хямд үнэтэй, хамгийн чанартай вэ?” гэх мэт асуултад систем хариулт өгөөд зогсохгүй тухайн бүтээгдэхүүний холбоосуудыг автоматаар санал болгодог ажээ. Хэрэглэгч гарал үүсэл, үйлдвэрлэгчийн мэдээллийг оруулсны дараа хиймэл оюун худалдаж авсан хүмүүсийн сэтгэгдэлтэй танилцахыг зөвлөдөг байна.
Мөн аппликейшнд дижитал дүр (аватар) үүсгэх хэрэгсэл багтсан бөгөөд үүний тусламжтайгаар хэрэглэгчид хувцас, гоёл чимэглэлээ виртуал орчинд “туршиж” үзэх боломжтой. Худалдагчдын хувьд хиймэл оюун нь барааны тухай видео танилцуулгыг автоматаар бүтээж, үнийн бодлого болон бараа бүтээгдэхүүнийхээ нөөц, нийлүүлэлтийг илүү үр дүнтэй төлөвлөх боломжийг олгодог байна.
Связанные новости
Ulaanbaatar