P.Diddy ноцтой гэмт хэргүүдэд буруугүй гэж үзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-03 09:05:59

ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 3 /DW/. P.Diddy, Puff Daddy, Diddy гэсэн тайзны нэрээр алдаршсан Америкийн рэп дуучин Шон Комбсыг бусдын биеийг үнэлүүлсэн, хүн худалдаалсан хэргүүдэд буруугүй гэж шүүх үзжээ. 


Нью-Йорк хот дахь Манхэттений тойргийн шүүхийн тангарагтны шүүгчид өдгөө 55 настай дуучин, продюсер Ш.Комбсыг бусдыг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор гэмт хэргийн бүлэглэл байгуулж, хүн худалдаалсан хэрэгт буруугүй гэж үзсэн байна. 


Гэсэн хэдий ч Комбс харьцангуй хөнгөн зүйл ангиудаар буруутай нь тогтоогдсон байна. Тэрбээр өөрийн найз бүсгүй байсан Кассандра Вентура болон өөр нэг хохирогчийг биеэ үнэлэх үйлдэлд уруу татсан нь нотлогдсон гэж тангарагтны 12 шүүгч үзжээ. Эдгээр зүйл анги тус бүрээр түүнд дээд тал нь 10 жилийн хорих ял оноох юм.


Ингэснээр Шон Комбс гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хэргээр бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэхгүй. Тангарагтнуудын шийдвэрийг сонсгосны дараа дуучны өмгөөлөгч Марк Агнифило үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргахыг шүүхээс хүссэн байна. 


P.Diddy-гийн хэрэг

Шон Комбсыг өнгөрсөн оны есдүгээр сард баривчилсан юм. Нью-Йоркийн прокурорууд түүнийг бусдыг сүрдүүлсэн, хүний наймаа болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгажээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэ бүхнийг няцаасаар байгаа юм. Шүүх түүнийг батлан даалтад гаргах хүсэлтээс хэд хэдэн удаа татгалзсан байна.


Тэрбээр шүүхээс гадуур эвлэрэхээс татгалзсаны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. P.Diddy-г эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, тэднийг мансууруулах бодистой садар самуун үдэшлэгт татан оролцуулсан, гэмт хэргийн бүлэглэлийг байгуулж, түүний гишүүд нь хүн хулгайлж, галдан шатааж, хээл хахууль авч, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан гэх хэргүүдэд буруутгасан юм.


Шүүх хуралдааны явцад рэп дуучны найз бүсгүй байсан Кассандра Вентурагаас гадна 33 гэрч мэдүүлэг өгсөн байна.

Связанные новости