Футэмма баазыг шилжүүлэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах хүсэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-26 15:23:39
ТОКИО. /ТАСС/. Японы өмнөд нутгийн Окинава мужийн хууль тогтоох байгууллага АНУ-ын Агаарын цэргийн хүчний Футэмма баазыг шилжүүлэн байрлуулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг боловсруулахыг санал болгосон хуулийн төслийг баасан гарагт баталжээ. Энэ тухай телевизийн “NHK” суваг мэдээлсэн байна.

Окинава мужийн оршин суугчдийн гаргасан өргөдлийн дагуу тус мужийн эрх баригчид уг баримт бичгийг баталжээ. Окинавагийн иргэд есдүгээр сард Америкийн цэргийн баазыг шилжүүлэн байрлуулах асуудлыг бүх ардын санал хураалтаар шийдэж өгөхийг шаардсан бичигт бараг 100 мянган хүний гарын үсэг цуглуулсан байна. Дээрх хуулийн төсөлд бүх нийтийн санал асуулгыг уг баримт бичгийг мужийн захирагч Дэнни Тамакиг баталсны дараа зургаан сарын дотор явуулахаар тусгажээ.

Бүх нийтийн санал асуулгыг явуулахад Окинава мужийн 41 хотын захиргааны дэмжлэг хэрэгтэй байгаа боловч эдгээрээс зургаа нь мужийн эрх баригчдын холбогдох хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байгаа аж.

Футэмма баазтай холбоотой хэлэлцээнүүд Япон болон АНУ тус обьектыг хүн ам шигүү суурьшсан Гинован хотоос шилжүүлэн байрлуулахаар тохиролцсон 1996 оноос хойш үргэлжилж байгаа юм. 1999 онд баазыг Окинава мужийн хойд хэсэгт Хэноко дүүрэгт шилжүүлэн байрлуулахаар шийдсэн байна.

Окинава мужийн эрх баригчид хоорондоо удаан хугацааны турш хэлэлцээ хийсний эцэст 2013 онд шилжүүлэн байрлуулах ажлыг эхлүүлэхийг зөвшөөрчээ. Гэвч 2015 онд тухайн үед мужийн захирагч байсан Такэши Онага энэ шийдвэрийг цуцалсан байна. Тэрбээр Америкийн баазыг мужаас гаргахыг шаарджээ.
Связанные новости