Хоёр Солонгос цэргийн хурцадмал байдлыг намжаах гэрээний хэрэгжилтийг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /ТАСС/. БНСУ болон БНАСАУ хоёр орны хил орчмын бүсэд хурцадмал байдлыг намжаах тухай гэрээний хэрэгжилтийн талаарх цэргийн хэлэлцээг ажлын түвшинд баасан гарагт хийнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэсний батлан хамгаалах яам мэдээлжээ.
“Яриа хэлцээг Панмүнжом шалган нэвтрүүлэх цэгийн хойд талд “Тонъильгак” танхимд хийнэ” гэж тус яамны мэдээлэлд дурдсан байна. Уулзалтад БНСУ-ыг хошууч генерал Ким Ду Гён төлөөлөх бол дэслэгч генерал Ан Ик Сан БНАСАУ-ыг төлөөлөн оролцоно.
Хэлэлцээний явцад талууд хурцадмал байдлыг намжаахад хэдийнэ авсан арга хэмжээнүүдийн үр дүнг нэгтгэн дүгнэж, энэ чиглэлд цаашид авах алхамуудыг хэлэлцэнэ.
БНАСАУ болон БНСУ хооронд урьд нь хийсэн цэргийн хэлэлцээний үеэр хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсийн заагаас нэг км-ын радиуст байгаа 11 харуулын цэгүүдийг энэ онд багтаан буулгахаар тохиролцсон юм. Эдгээр цэг нь хоорондоо хэт ойрхон оршдог учраас зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ.
Түүнчлэн энэ шалтгаанаар хоёр Солонгосын хил дээрх Панмүнжомын Хамтын аюулгүй байдлын бүсээс бүх зэвсгүүдийг гаргаж, тал бүрээс цэргүүдийн тоог 35 хүртэл цөөрүүлэхээр төлөвлөсөн байна.