АНУ-д нийтдээ сэжиг бүхий 10 илгээмжийг хураан авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-26 09:23:14
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан тус улсын улстөрчид нийгмийн зүтгэлтнүүдэд явуулсан нийтдээ 10 сэжиг бүхий илгээмжийг хураан авчээ. Энэ тухай АНУ-ын Холбооны тагнан мөрдөх точооны орлогч дарга Вилльям Свини мэдээлсэн байна.

“Сэжиг бүхий илгээмжүүдийг Нью-Йорк, Мэриленд, Флорида, Делавер, Лос-Анжелес зэрэг янз бүрийн газруудад илрүүлсэн. Хэргийн газруудад хууль сахиулах байгууллагын ажилтнууд очиж, илгээмж бүрийг шинжээчид гарган авсан бөгөөд одоо судалж байна” гэж тэрбээр хэлжээ.

Нью-Йорк хотын цагдаагийн комиссар Жеймс О"Нейлын хэлснээр, хууль сахиулах байгууллагынхан сэжиг бүхий илгээмжүүдийг бодит аюул учруулахуйц гэж үзэж байгаа боловч шууд тэсрэх төхөөрөг гэж хэлэхээс татгалзсан байна.

Үл таних этгээд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Билл болон Хиллари Клинтон, тэрбумтан Жорж Сорос, жүжигчин Роберт Де Ниро болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бусад өрсөлдөгч нарт тэсрэх төхөөрөг илгээсэн тухай урьд нь мэдээлсэн билээ. Үүнээс гадна, хууль сахиулах байгууллагынхан АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байданд пүрэв гарагт илгээсэн сэжиг бүхий илгээмжийг аюулгүй болгожээ.
Связанные новости