АНУ пуужин устгах гэрээнээс гарвал зэвсэглэлийн хяналтын тогтолцоо алдагдаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /globaltimes/. Дональд Трампын гадаад бодлогыг харахад АНУ-ыг Хүйтэн дайнд ялахад тусалсан Ерөнхийлөгч агсан Рональд Рейганы арга барилтай төстэй байна.
Цагаан ордны олон хууль тогтоогч “Рейганы номлол”-д итгэдэг. Гэсэн хэдий ч Д.Трамп "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээнээс гарна гэж мэдэгдсэн билээ. Энэхүү гэрээ нь Рейганы Засаг захиргааны үлдээсэн хамгийн чухал өв юм. 1987 оны 12 дугаар сард ЗХУ-ын удирдагч Михаил Горбачевыг АНУ-д айлчлах үеэр уг гэрээг байгуулсан билээ. Улмаар 1991 оны 5 дугаар сард гэрээ албан ёсоор хэрэгжиж, АНУ 859 пуужингаа идэвхгүй болгосон бол ЗХУ 1752 пуужингаа устгасан юм.
Хүйтэн дайны үед сургуулиудад пуужингийн цохилтын үеэр хэрхэн амиа хамгаалах тухай хичээл хүртэл ордог байв. Үүгээр ч зогсохгүй АНУ болон ЗХУ-ын хооронд цөмийн дайн гарах вий гэдгээс хүн бүр айж байсан юм.
Харин "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээ болон бусад зэвсгийн хяналтын тухай гэрээ гарч ирснээр ард иргэдийн айдас багассан билээ. "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээгээр газар суурьтай 500-5500 км-т хүрэх чадвартай дунд зайн тусгалтай пуужингуудыг устгах болсон юм. Үүний зэрэгцээ энэхүү гэрээ нь Европт дайн гарах эрсдэлийг бууруулсан билээ.
Яг үнэн хэрэгтээ уг гэрээнээс гарах санаа олон жилийн өмнө л АНУ-ын стратегичдад байсан. Барак Обамагийн Засаг захиргаа ОХУ-ыг уг гэрээг зөрчиж байна гэж буруушаадаг байсан боловч нотлох баримт хангалтгүй байсан юм. ОХУ-ын газар нутаг дахь цэргийн байгууламжийг устгах чадвартай дунд зайн тусгалтай пуужингуудыг Европ болон Азид байрлуулах талаар хэлэлцэж байна гэж АНУ-ын Нэгдсэн штабын дарга нарын газрын тэргүүн Мартин Демпси мэдэгдсэнийг 2015 онд “Associated Press” агентлаг мэдээлж байсан билээ.
Д.Трамп Ерөнхийлөгч болсон үеэс хойш АНУ-ОХУ-ын харилцаа муудсаар л байна. Хэзээ нэгэн цагт АНУ энэхүү гэрээнээс гарна гэдгийг ОХУ мэдэж байсан учир Д.Трампын Засаг захиргааны шийдвэрт ОХУ гайхшраагүй байх. Барак Обамагийн Засаг захиргааны ОХУ-тай байгуулсан Стратегийн довтолгооны зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг Д.Трамп буруушаадаг.
АНУ-ыг гэрээнээс гаргахгүй байх талаар ОХУ чадах бүхнээ хийж байна. Үүний нэг жишээ гэвэл өнгөрсөн долдугаар сард Хельсинки хотноо болсон Д.Трамп болон В.Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр зэвсгийн хяналтын дөрвөн чухал гэрээ, тэр дундаа "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээг хоёр орон хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг ОХУ-ын зүгээс тавьсан билээ. Гэвч АНУ-ын зүгээс ямар ч хариулт, амлалт өгөөгүй юм.
Эсрэгээрээ АНУ өөр хандлагатай байна. Европт пуужингийн хамгаалалтын систем нэмж байрлуулах талаар судалж, “Нээлттэй тэнгэр” гэрээтэй холбоотой зардлыг танахыг АНУ Үндэсний батлан хамгаалахын тухай хуулиараа дамжуулан Пентагоноос шаардаж байна.
Үүгээр ч зогсохгүй АНУ “MK-41” пуужингийн системийг Румын, Польшид байрлуулах зэргээр пуужингийн хамгаалалтын системийг байрлуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байгаа юм. Уг пуужингийн систем нь зөвхөн хамгаалалтын систем биш бөгөөд энэ нь цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой “Tomahawk” далавчит пуужин гэх мэт довтолгооны хэд хэдэн пуужин харвах чадвартай зэвсэглэл юм. Тийм учраас ОХУ уг систем нь "Дунд болон ойрын зайн тусгалтай цөмийн пуужинг устгах тухай" гэрээг зөрчиж байна гэж үздэг байна.
Хэрвээ хоёр орны хооронд дайн үүсвэл АНУ энэ мэт дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудаараа ОХУ-ын командын төвүүд, агаарын хамгаалалтын систем, цэргийн баазуудыг устгаж, улмаар ОХУ-д цөмийн зэвсгээрээ хариу барих боломж өгөхгүй юм.
АНУ уг гэрээнээс гарснаас үүсэх уршиг үүнээс ч их байх болно. Хэрвээ АНУ уг гэрээнээс гарах юм бол цөмийн зэвсгээс ангижрах олон улсын гэрээ, зэвсгийн хяналтын тогтолцоог устгах оршлыг тавьж магадгүй юм.
Сүүлийн үед Пентагон АНУ-ын цөмийн зэвсэглэлийг сайжруулах болон цөмийн зэвсгийг хөгжүүлэх судалгаагаа эрчимжүүлж байна. Цөмийн зэвсгийн хэрэглээг хориглох саад тотгорыг эрчимтэй багасгана гэдгээ Д.Трампын Засаг захиргаа ил тод болгосон. Ингэснээр цөмийн дайн үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа юм.
Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах III гэрээ 2021 онд дуусна. Хэрвээ Д.Трамп улиран сонгогдвол уг гэрээг мөн үгүй хийнэ гэж хүмүүс санаа зовниж байна. Дуунаас хурдан пуужин гэх мэт шинэ төрлийн зэвсэглэл гарч ирж байгааг даган өнөөгийн хамгаалалтын технологиуд хурдацтай хөгжиж байна. Дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл ажиллагаа болон зэвсгийн хяналтын механизмыг шинэчлэх шаардлага зайлшгүй байна. Гэвч үүний гол асуудал нь АНУ-ОХУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн доод цэгтээ ирсэнд байгаа юм. Мөн одоогийн байдлаар шинэ гэрээ байгуулах эсвэл хуучин гэрээг өөрчлөх таатай нөхцөл байхгүй байгаа юм.
Гэрээнээс гарна гэсэн АНУ-ын шийдвэр БНХАУ-д мөн нөлөөлөх боломжтой юм. АНУ гэрээнээс гарснаар БНХАУ-тай үүсээд буй худалдааны маргаанаас гадна Тайвань болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудалтай холбогдуулан Азид илүү олон пуужин байрлуулж магадгүй. Хэрвээ ийм зүйл болбол энэ нь стратегийн тогтвортой байдлыг нурааж, БНХАУ болон АНУ хоорондын маргааны өөр нэгэн эх үүсвэр болох юм.