Оргосон цэргүүдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-01-07 16:12:34

Энэ оны нэгдүгээр сарын 5-6-ны шөнө Сэлэнгэ аймгийн хилийн манаанд харуулд гарч байсан хоёр ахлах байлдагч байрлалаа орхиж оргосон хэрэг гарсан. Оргосон хоёр цэргийг  баривчилсан талаарх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэвлэлийнхэнд өглөө.

Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн байгууллага, Хилийн тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шуурхай ажиллаж, тус бүр 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй оргосон хоёр байлдагчийг баривчилжээ. Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүүрэг толгой” гэх газарт баривчилгаа болсон байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын иргэнээс дээрэмдсэн “Лого” маркийн автомашины дугуйг албадан хагалж, цагдаагийн машин, нутгийн иргэний Портер машинаар хашиж, зогсоожээ. Оргосон цэргүүд байлдааны буутай явсан учир тийнхүү хот суурин газраас холдуулж, хүнгүй тал газар хөөж, хашин баривчилжээ. Галт зэвсгийг нь аюулгүй болгохын тулд цаг гаруйн хугацаанд цагдаагийнхан цэргүүдтэй тохиролцоо яриа хийсэн байна. Цэргүүд цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаарджээ. Хоёр байлдагч оргосон гэдгийг мэдмэгцээ ажлын хэсгийг  Сэлэнгэ аймгийн сум суурин газар бүрт хяналтын цэгт гаргаж  тэднийг зогсоох гэсэн боловч тэд зугтсан байна.  Оргосон байлдагчийн нэг нь цочролд орж, бие нь муудсан тул цагдаагийн хамгаалалт дор эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байна. Нөгөө  цэргээс  байцаалт авч, Эрүүгийн хуулийн 279 дүгээр зүйл буюу "Цэргийн албанаас оргон зайлсан" гэж буруутган эрүү үүсгэж Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт, мөрдөн байцаалт хийж байна. Хуулийн заалтаар бол тэд 3-6 сар хүртэл хугацаагаар саатуулах, эсвэл хоёр жил хорих ял эдлэх юм. Байцаалтаар алба хаах хугацаанд ангийн удирдлагуудаас ямар нэгэн дарамт ирээгүй гэдгийг онцолжээ. 

Ж.Батсайхан

Связанные новости