Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-03 16:44:27

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа.  


Ерөнхий сайд Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй өчигдөр уулзсан. Уулзалтад оролцогчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулах, мөн зөвлөлийн гишүүдийг нээлтэй сонгон шалгаруулах, томилох чөлөөлөх хугацаатай болгох, хяналтын зөвлөл ажиллуулах саналыг Ерөнхий сайдад тавьсан юм.


Журмын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн саналыг урьдчилан авч тусгасан юм. Уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Ерөнхий сайдад танилцуулсан. 


Шинэ журмаар зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд дарга нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл байна. Зөвлөлийн гишүүнээр төрийн бус байгууллагын төлөөллийг сонгон шалгаруулахад тавих шаардлага, хугацаа болон зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийн тоог тодорхой тусгасан гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ. 

Связанные новости