Зэсийн баяжмалын үйлдвэрийн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-03 17:03:52

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн стратегийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна.


Энэ хүрээнд зарим дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж, хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нарт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас даалгав. 


Төслийн ерөнхий мэдээлэл болон бусад материалыг зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдэд хүргүүлж, санал авах юм. Хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхогч этгээдүүдээс ирүүлсэн саналыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хүлээн авч, санхүүгийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник технологи, менежментийн чадавх болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий ажлын дэд хэсгийг байгуулж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулах аж. 


Ерөнхий сайдын 2025 оны 60 дугаар захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн ажлын даалгавар, техник, эдийн засгийн үндэслэлийн тодотголыг батлуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгээс Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу төслийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн.


Ажлын хэсэг уг төсөлд зэс, металл үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч улс орон, томоохон хуулийн этгээдийг бүрэн хамруулах, нээлттэй ил тод зарчмыг баримтлан, сонгон шалгаруулалтын мэдээллийг хүргүүлэх, ирүүлсэн саналыг судлан, санхүүжилтийн оновчтой саналыг зөвшилцөж, боломжит нөхцөл шаардлагуудыг тодорхойлох зорилгоор сонирхогч этгээдүүдээс санал авч, хамгийн сайн гэж үнэлэгдэхүйц хөрөнгө оруулагч, сонирхогч этгээдүүдийн хураангуй жагсаалтыг гаргаж, урьдчилсан байдлаар хэлэлцээ хийж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх юм. 

Связанные новости