Элчин сайд С.Золжаргал Бүгд Найрамдах Никарагуа Улсад ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-03 14:19:36

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Никарагуа Улсыг хавсран хариуцаж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал тус улсад энэ сарын 1-2-ны өдрүүдэд ажиллав.


Элчин сайд С.Золжаргал Никарагуад ажиллах үеэрээ тус улсын Ерөнхийлөгчийн Хөрөнгө оруулалт, худалдаа, олон улсын хамтын ажиллагааны зөвлөх Лауреано Ортега Мурилло, Үйлдвэр, худалдааны сайд Эрвин Рамирез, Гадаад хэргийн хамтарсан сайд Валдрак Л.Жэнтшке нартай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг боломжтой бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцов.


Ерөнхийлөгчийн зөвлөх болон сайд нар Элчин сайд С.Золжаргалыг уламжлалт найрсаг харилцаатай Монгол Улсыг төлөөлөн ирж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар эрмэлзэж байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын харилцааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх түүний ажил үйлсэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ нотлов. Түүнчлэн Элчин сайд С.Золжаргал, ЭСЯ-ны зөвлөх Д.Эрдэнэ-Очир нар Никарагуагийн экспортын гол бүтээгдэхүүн болох навчин тамхи ургуулдаг Эстэли хотод зочилж, тус хотын Засаг дарга болон зарим аж ахуйн нэгжийн удирдлагуудтай уулзаж, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцсан гэж ГХЯ-наас мэдээллээ.

Связанные новости