Манхан сумаас Бийск хот хүртэл 120 тэмээтэй жингийн цуваа аялуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хамтарсан “Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ.
Энэ талаар тус төслийг хэрэгжүүлж буй “Үнэнч мөнх андууд” холбооны тэргүүн хурандаа Л.Амарсайхан нарын хүмүүс “Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг төсөл нь түүхэн үйл явдлыг тодотгон олон нийтэд сэргээн сурталчлах, судлах, соёл, түүхийн өв болгон үлдээх зорилготой юм.
“Бүхнийг фронтод тэмээн жингийн цуваа” төслийн санаачлагч, удирдагч Л.Амарсайхан ярихдаа, “Бид түүхэн үнэ цэнийг сэргээхээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна.
Тэмээн жингийн цуваа нь 1942 оны 9 дүгээр сарын 17-ноос 1943 оны 5 дугаар сарын 5 хүртэл 2700 гаруй км замыг 1200 тэмээтэй, 230 хоног, 240 тонн ачааг Бийск хот хүртэл хүргэсэн түүхтэй.
Дайн эхэлсний маргаашаас Монголын ард түмэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” гэсэн уриан дор Улаан армид сайн дураараа туслах хөдөлгөөнийг өрнүүлж байлаа.
Ховд аймгийн ард иргэд ангийн мах, арьс шир, алт мөнгө, адуу зэрэг зүйлсийг сайн дурын үндсэн дээр цуглуулж, Бийск рүү хүргүүлж, тэндээсээ вагонд ачуулсан байдаг. Түүнчлэн 240 тонн ачааг 1200 тэмээтэйгээр хүргэсэн талаарх түүхэн үнэний дөнгөж 4-4.5 хувь нь л дурдагддаг. Иймээс энэ түүхийг дахин сэргээн судалж, залуу үедээ мэдүүлэх нь бидний үүрэг гэж үзсэн” гэв.
Гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн уг төслийн эхний үе шат болох судалгааны ажлын бэлтгэлийг хангаж байна. Үүнд, Барнаул, Бийск хотын архив, музейд хадгалж буй баримт материалыг ил болгох, олон түмэнд хүргэх, судлах ажлыг хийх юм.
Хоёрдугаар үе шатад нь тэмээн жингийн цуваа явсан маршрутыг тогтоож, дурсгалын самбар багана босгоно. Төслийн гурав дахь үе шат нь энэхүү түүхэн үйл явдал болсон замыг аялал жуулчлалын бүс болгох зорилготой ажээ.
Төслийг санаачлагчид анхны 1200 тэмээтэй байсан цувааг бүрэн сэргээх боломжгүй ч бэлгэдлийн утгаар 120 тэмээтэй жингийн цувааг Ховд аймгийн Манхан сумаас Бийск хот хүртэл явуулахаар төлөвлөжээ.
Нэг тэмээн жингийн цуваа 50-60 тэмээтэй байдаг. Монголын түүхэнд 1200 тэмээ нь 200 гаруй жингийн цуваа болж явсан түүхтэй. Монголын жинчид Хөх хот, Бээжин, Энэтхэг хүртэл аялахдаа 100 гаруй тэмээтэй явдаг байжээ.
Төслийг хэрэгжүүлэх ажлыг Монгол, ОХУ хамтран дэмжиж байна. Орон нутгийн ахмадууд, оролцогчдын удам, үр хүүхэд, залуучууд энэ аялалд нэгдэх боломж нээлттэй ажээ.

Ulaanbaatar