Солонгос түмний баялаг амьдралаас хутгасан ямх тэмдэглэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-12-02 21:13:22

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. 


 Бүгд Найрамдах Солонгос Улсад аялсан тэмдэглэл


Эхлэл. Монгол Улс тогтолцооны шинэчлэл эхлүүлсэн цагаан морин жил. Манай улсаас тэр жил буюу 1990 оны гуравдугаар сарын 16-нд БНСУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтээ илэрхийлэхэд, Солонгосын тал хариугаа маргааш өдөр нь өгсөн гэдэг. Мэдээж тэр нь зөвшөөрсөн хариу байсан тул ердөө арав хоногийн дараа буюу гуравдугaaр сaрын 26-нд хоёр тал харилцаагаа албажуулж, дараа жил нь анхны Ерөнхийлөгч П.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид Гуулин улсад айлчилсан түүхтэй. Түүх гэдэг их сонин. Унтаа үедээ үл анзаарагдам ч сэргээгээд ирэхийн цагт уураг тархийг гайхшрал алмайрлаар дүүргэж, сэтгэл зүрхийг хөвсөлзүүлж орхих нь бий. 


Тэрхүү түүхээс хойш наашаа ч үгүй, цаашаа ч үгүй яг 35 жил өнгөрчээ. Өнгөрсөн цаг хугацаанд Солонгос улсын тухай ихийг сонсож, олныг дуулсан ч би гэдэг хүн хашир ч юм уу аль эсвэл хашин ч юм уу, ямартай ч Хан мөрний усыг магнайдаа хүргэх завдал бололгүй явсаар өдийг хүрчээ.


Өнөө жил ажлын шугамаар Солонгос оронтой танилцах завшаан тохиолоо. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг БНСУ-ын мэдээллийн ЁНХАП агентлагтай 2015 оны долоодугаар сард хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн юм. Гэрээний хүрээнд хоёр агентлаг сэтгүүлч сурвалжлагчид, ажилтан ажиллагсдаа солилцож, мэдлэг туршлагаасаа хуваалцдаг болсоор тулсан арван жилийг үджээ. Энэ жилийн солилцооны багт маркетинг, олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Мягмарсүрэн, гэрэл зургийн сурвалжлагч Г.Мөнх-Од бид гурав багтав.


Уудаг цаас шиг Инчон. Бидний хөлөглөсөн онгоц Улаанбаатараас хөөрөөд, Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд гурван цагийн дараа газардав. Харах нь ээ, Инчоны нисэх буудал бэх уудаг цаас шиг газар аж. Хэчнээн ч жуулчин очлоо ч түүртэх газар биш байв. Инчоны нисэх буудал нь харьцангуй он залуу байгууламж гэхэд болно. 1988 оны зуны олимпын дараа Өмнөд Солонгос руу чиглэсэн аялагчдын урсгал, ачаа тээшний хэмжээ богино хугацаанд өсөн нэмэгдсэн тул шинэ нисэх буудал барихаар шийдэж л дээ. Нисэх буудлыг барихдаа Ёнжон, Ёню гэсэн зэрэгцээ хоёр арлын газрыг нөхөн сэргээх замаар найман жилийн турш барьж, зургаан сарын туршилтын дүнд 2001 онд Инчоны нисэх буудлыг нээсэн аж.


Хил гаалийг саадгүй давсан аяллын багийнхан маань ачаа тээшээ гартаа авчихав. Үүний дараагаар тосон зогсоо хөтөч, жолооч хоёртойгоо ам аяга шиг нийлээд авав. Хөтөч жолооч хоёр маань гараа даллав. Бид ч тэднийг тэр даруй танив. Эхний уулзалт ердөө л энэ. Хэдэн жил уулзаж нөхөрлөсөн хүмүүс шиг ийм дотно уулзалт болох юм гэж ой тойндоо төсөөлөө ч үгүй очиж билээ. Манай хөтчийг Ку Жүн Ги, жолоочийг Чон Сон Ху гэнэ. Гарын таван хуруу шиг бид хэдийн аялал нисэх буудлын хүлээлгийн танхим дахь тэр цаг минутаас эхлэв.


Хотын тав тух. Нисэх буудлаас гадагш гарав. Дулаан нар. Нам гүм орчин. Намар цаг. Ойн цоорхойд нарны илчинд ээн зогсох мэт нэг тийм ээнэгшим мэдрэмжид бүчүүлэв. Миний мэдэх намар намраас үл ялиг өөр, дулаахан намар. Агаар гэж янзын. Гудамжны вандан сандал олж суугаад, удаан гэгч нь тухалмаар. Хөлөө ачиж суугаад, навчис ямар хурдан, нүд ирмэх зуурт шарласныг, шувууд идэш хоолоо эрж толгой дээгүүр хэрхэн эргэлдэн нисэлдэхийг, хөгшид буяныг бодож будаа цацаж тагтаа хэрхэн хооллохыг, хүмүүс яарамгүй хэрнээ зорилгынхоо төлөө хэрхэн шийдэмгий алхахыг, машин тэрэг уван цуван нааш цааш хэрхэн сүлжилдэхийг, барилгууд он цагийн буултыг даалгүй энд тэндээсээ хэрхэн эмтэрч элэгдсэнийг ажин суумаар.


Тэндээсээ хөдөлж шуудангийн газар очиж, амины ганц найздаа хамгийн гоё зурагтайгаас нь сонгож, ил захидал илгээмээр. Ил захидалдаа “Би сайн явж ирсэн. Энд ирсэндээ ямар их баяртай байна вэ” хэмээн бичиж, догдлол хөөрөө хуваалцмаар. Бас тэндээсээ гарч, хажуугийн кофе шоп орж, аяганыхаа бөөрөнд бээрсэн гараа дулаацуулмаар нэг тийм хөнгөн атлаа тав тух мэдрүүлсэн “тэврэлт”-ээр Солонгос орон намайг угтсан юм. Цаг тулгуу, хөтөлбөр шахуу тул бид нэг газраа удах боломж байсангүй. Тиймээс унаандаа сууцгааж, нийслэл хотыг зорив. Инчоны нисэх буудал Сөүл хотоос 40 гаруй км зайтай юм билээ. Зам зуурт Сэлэнгийн намар цагийг санагдуулам баялаг хоолны ширээний ард сууцгаан хооллосныг эс тооцвол төд удалгүй зочид буудлынхаа үүдэнд ирцгээсэн байв.


Том амбиц. Өмнөд Солонгосын мэдээллийн цөм бол ЁНХАП агентлаг юм. Томилолтын маань гол зорилго бол тус агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцох явдал юм. Иймд бид онгоцноос буусан өдрөө тус агентлагаар зочлов. ЁНХАП агентлагийн Контент бизнесийн хэлтсийн дарга Пак Сон Жэ, Гадаад харилцааны хэлтсийн дарга Хван Сон Ик нар биднийг хүлээж авч уулзлаа. Контент бизнесийн хэлтсийн дарга Пак Сон Жэ энэ үеэрх яриандаа, тус байгууллага дэлхийн тэргүүлэх 10 мэдээллийн агентлагийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа гэдгээ ний нуугүй хуваалцсан юм.


ЁНХАП агентлаг анх 1980 онд мэргэшсэн гурван мэдээллийн агентлагийг нэгтгэснээр энэ их айлын суурийг тавьжээ.


Нийт 1000 ажилтан ажиллагсадтайгаас 600 нь сэтгүүлч сурвалжлагч, тэдгээрийн 150 гаруй нь хязгаар нутгаас мэдээ мэдээллээ төв рүүгээ дамжуулдаг.


Энэ нь цаанаа нийслэл болон хөдөө, орон нутаг хоорондын мэдээллийн зөрүүг арилгахыг эрмэлзэж буй хэрэг гэнэ. Нөгөөтээгүүр улс орны өмнө тулгамдаж буй голлох асуудлыг цаг алдалгүй мэдээлэх үүднээс үндэсний хэмжээний бүхэл бүтэн сүлжээг ийнхүү бий болгосон байна.


Тус агентлаг жилийн 365 өдөр, хоногийн 24 цагт тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Хоногт дунджаар 3000 гаруй мэдээ мэдээлэл бэлтгэдэг. ЁНХАП агентлагийнхан үүнийгээ олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө өөрсдийн хувь нэмрийг оруулж буй бодит үйл хэрэг хэмээн үздэг аж. Үүний зэрэгцээ арилжааны хэвлэл мэдээллийнхэн гадаад хэлний албыг ажиллуулах нь амаргүй байх болно хэмээн үзэж, энэхүү үүргийг өөрсдийн үүрч явах ачаа хэмээн тооцсон байна. Тиймээс англи, хятад, япон, франц, испани, араб, вьетнам гэсэн 7 хэлээр мэдээ мэдээллээ бэлтгэдэг. Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сард вьетнам хэлний албыг ажиллуулж эхэлсэн байна.


Энэ улсад 26 мянга гаруй хэвлэл мэдээллийн байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа ч ЁНХАП агентлаг хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнүүд болон олон соёлт гэр бүлд чиглэсэн цорын ганц бие даасан хэлтсийг ажиллуулдаг гэдгээр бусдаасаа ялгардаг. Харьд суугаа солонгос иргэдийг зангидах, эх орных нь хооронд гүүр болох, олон соёлт гэр бүлийн эрхийг хангах, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор www.koreancenter.or.kr сайтыг ажиллуулдаг байна.


ЁНХАП агентлаг эх сурвалж тодорхойгүй, хуумгай мэдээ мэдээллээс зайлсхийдэг. Сүүлийн жилүүдэд тус улсад арилжааны хэвлэл мэдээллийн байгууллага олноор бий болж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж байгаа ч иргэдийн дунд төөрөгдөл үүсгэх нь ихэссэн байна. Иймээс үнэн бодит мэдээгээрээ бусдаас ялгарч, улс доторх мэдээ мэдээллийн залуурч, чиглүүлэгч нь болж ажиллахыг эрмэлздэг аж.


Солонгос түмнийг нэгтгэхэд хүчин чармайлт гаргах нь уг агентлагийн үндсэн зорилтын нэг гэнэ. ЁНХАП агентлагт БНАСАУ-ын мэдээ мэдээллийг хариуцдаг тусгай баг ажилладаг юм байна. Тус албаны өрөө тасалгаагаар орж үзлээ. Хойд Солонгосын телевизийн хөтөлбөр ханан дахь зурагтаар гарч байх юм. Төдийлөн олон бус тоног төхөөрөмж байршуулсан байх ба тэндхийн 12 орчим мэдээллийн хэрэгслийг хянаж, өөрсдийнх нь мэдээлэлд үндэслэн мэдээ бэлтгэдэг аж.


Аяллын хоёр дахь өдөр. Бидний очсон өдрүүд өглөө, оройдоо бага зэрэг жиндүү, өдөртөө нарлаг цаг агаартай байсан нь аяллыг маань улам ч тааламжтай болгов. Монгол хүний баримжаагаар бол, дундын цаг агаартай өдрүүд санж.


Сөүл 10 сая хүн амтай. Гэхдээ хаана ч очсон хүмүүсийн хөл хөдөлгөөн сийрэг, автомашины дуу чимээ бага, ил хог хаягдалгүй байгаа нь зохицуулалт сайтай хот болохыг илтгэнэ. Аялал жуулчлалын голлох газрууд ч мөн ялгаагүй өнөө жилийн жуулчдаа үдчихсэн бололтой алдарт Ганнам дүүргийг эс тооцвол хөл хөдөлгөөн татрангуй байв.



Аяллын хоёр дахь өдөр хөтөч маань Намсан уулан дээрх Сөүл цамхгийг зорьж очиж үзүүлэв. Цамхгийн ажиглалтын тавцан дээр гарах гэж ядаж цөхсөнгүй. Цахилгаан өргүүрээр дээш гарч ирсэн даруйд хөтөч маань нэг зүг эргэлзсэн шинжгүй, эрс гэгч нь хуруугаараа заав. Түүний заасан чигт дагуулж харвал “Ulaanbaatar. Mongolia. 1987.69 кm” гэсэн бичиг ажиглалтын цонхон тус газар харааны түвшнээс нэлээн дээгүүрт байгаа нь нүднээ шууд тусав. Ингэхээр би эх орноосоо тийм зайд зогсож байгаагаа ойлгов. Ку Жүн Ги ч надад “хэлэх” гэснээ хэллээ гэсэн шиг үл мэдэг толгой дохиж харагдав.


Ажиглалтын тавцангаас нийслэл хот өмнүүрээ усан хөшиг татсан мэт хөхөрч харагдана. Аварга том Хан мөрөн, мөрөн дамнуулж тавьсан том том гүүрүүд, тэнгэр баганадсан Лотте Ворлд, түүний хажууд жулдаж харагдах орчин үеийн шилэн барилга байгууламжууд, бүр түүнээс ч жул харагдах аль дивангарын бололтой байр байшингууд, тэдгээрийн дундуур сүлжилдэх засмал замууд, олон өнгөөр алаглаж үзэгдэх төрөл бүрийн модод. Ажиглалтын тавцанг тойрч эсрэг талд нь гарвал, Сөүл цамхгийн өөрийнх нь урт гонжгор сүүдэр газарт сунайж үзэгдэнэ.


Хаа газрын улс орон түүхэн дурсгалт газраа гар татахгүй додомдож, аялал жуулчлалын бүс болгон тохижуулдаг жишиг хэдийнэ дэлхийд тогтжээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн Чандокгүн хааны ордон бол үүний нэг жишээ юм. Тус ордныг 1405 онд барьсан ч түүхэндээ хэд хэдэн удаагийн түймэрт өртсөн байна. Суурин газрын дурсгалуудын гол дайсан бол гаднын халдан довтлогчид болон гал түймэр аж.


Солонгосын үе үеийн хаадын тухлах дуртай байсан уг цогцолбор өргөө эдүгээ гадаад дотоодын аялагчдын зорин очдог гол бүс болж тогтжээ. Биднийг очиход мөн л хүн сийрэг байж таарав. Тиймээс дугаарлаж зогсоно гэлгүй дотогш нэвтэрч хаан, хатдын өргөөнөөс эхлээд яарамгүй тойрч үзэв. Энэ цагийнханд нээлттэй болсон эл ордонд солонгосчууд өөрсдөө ханбугаа өмсчихсөн гэр бүлээрээ зургаа татуулж харагдана. Залуус контент бүтээж байгаа бололтой хоёр гурваараа бичлэг хийж үзэгдэнэ. Ингээд бидний Гуулин улс дахь хоёр дахь өдрийн аялал өндөрлөх тал руугаа орж, хот ч бид ч амралтын горимд шилжив.


Аяллын гурав дахь өдөр. Сораксан үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Сорак уулыг түшиглэсэн учраас цэцэрлэгт хүрээлэнг ийн нэрийдсэн бололтой. Уулын савдаг нь баавгай гэнэ. Тулаад ирвэл буцаад зугтмаар том хүрэн баавгайн хөшөөг үүд хавьцаагаа байрлуулсан байв.


Сорак нь Өмнөд Солонгосын гурав дахь өндөр уул, оргил нь 1708 метр аж. Оргил дээр гарахын тулд бид эхлээд дүүжин тээвэрт суув. Тэндээсээ хашлагатай модон замаар алхсаар оргилд гарч ирэв. Оргилын байгалийн тогтоц нэлээн өвөрмөц, хадархаг, бул чулуу ихтэй тул болгоомж илүүдэхгүй газар байж билээ.


Оргил дээр бид хэсэг амсхийв. Хүмүүс гэр бүлээрээ байгальд гарч аялж амрахын зэрэгцээ алхах гэж Сорак ууланд ирдэг бололтой анзаарагдана. Бид буцаад өнөөх дүүжин тээвэртээ суулаа. Бэл рүү уруудаж явах зуур нүдэнд торохуйц буддагийн хөшөө олж үзэв. Тийм том хөшөө олж харсан улс дэргэд нь очиж үзэлгүй буцвал аяллын тэнгэр харина биз дээ.





Бясалгаж суугаа их буддагийн хөшөөг 300 мянган хандивлагчийн өргөсөн зоос бүрийг гамнаж, олон жил хав дарсны эцэст тэр хөрөнгөөр босгожээ. Хөшөөг Солонгос түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болгож босгосон аж. Байгалийн ч, шашны ч аялал жуулчлалыг цогцлоосон уг цэцэрлэгт хүрээлэнг бүхэлд нь тойрч, нэг сайн шинжээд Сукчугийн амралт, аялал жуулчлалын бүс рүү хөдлөв. Тэр хүртэлх аялалд бид 2 цаг гаруй хугацаа зарцуулсан юм.


Сукчугийн аялал. Сукчу бол Өмнөд Солонгосын зүүн хойд хэсэгт оршдог эргийн хот юм. Хойд Солонгос талдаа тун ойрхон хот юм байна. Солонгосын хойг хоёр хуваагдахад, тэр хэсэг нутаг эхэндээ Хойд Солонгосын хяналтад үлдсэн ч 1953 оны гал зогсоох хэлэлцээрээс хойш Өмнөд Солонгосын мэдэлд хоцорсон аж.


Бид хотод оройтож ирсэн тул буудлаараа хальтхан ороод, аяллынхаа сүүлийн оройг тэмдэглэж оройн зоог барихаар боллоо. Сукчу хот далайн гаралтай хоол хүнсээрээ улсдаа алдаршжээ. Тиймээс тэндхийн хоолны газрууд үүдэндээ том том шилэн хорготой. Хорго дотор нь хавч тэргүүтэй далайн амьтад амьдаараа арвалзаж байх юм.


Хоолны газар луу орвол лавтайяа гавьяаныхаа амралтад суусан болов уу гэмээр эмэгтэй угтагчаар зогсож байв. Дотогш орвол мөн л төдий насны хоёр эмэгтэй үйлчилгээн дээр ажиллаж байлаа. Тэдний шаламгай, гялалзуур гэж юу гэх вэ. Захиалга өгсөн даруйд төрөл бүрийн дарсан ногоо, шарсан болон түүхий загас зэргийг ар араас нь өрж тавьсаар залгаа хоёр ширээ дүүрэв. Түүний дараагаар том далбагар тавган дээр өрж тавьсан улбар шар өнгөтэй хавч авчирсан нь үндсэн хоол гэнэ. Ингэж л бид үдэлтээ даруухан бөгөөд сонирхолтойгоор тэмдэглэсэн юм.




Түүх үргэлжилсээр. Монгол Солонгос хоёр улс газар зүйн байршлын хувьд ойр, иргэд хоорондын харилцаа харь хөндий биш билээ. Эртний сурвалж бичигт тэртээх 995 онд Кидан гүрэн Гуулин улстай харилцаж, Чингис хааны үед 1219 онд “Хоёр улс үүрдийн ахан дүүс болж, үеийн үед энэ өдрийг бүү умартъя” хэмээж нөхөрсөг тангараг тавьж, холбоотны харилцаа тогтоож байжээ. Монгол Улс социалист системд хамаарч байсан 70 жилийн хугацаанд тогтолцооны улмаас үүссэн үл ойлголцол эдүгээ цагт бүлээсэж, хоёр орны дундах мөсөн уул асар богино хугацаанд хайлж ууршжээ.


Хамгийн сүүлд, 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар цахим уулзалтынхаа үеэр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоож байгаагаа зарласан юм. Төрийн тэргүүн нар харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжихөд ард түмний найрамдал, нөхөрлөл гол тулгуур үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, иргэдийн солилцоог дэмжихээ илэрхийлсэн. Энэ хүрээнд хоёр улсын холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон юм.



Монголчууд “Танилтай хүн талын чинээ, танилгүй хүн алгын чинээ” хэмээдэг. МОНЦАМЭ, ЁНХАП хоёр агентлагийн тасралтгүй харилцаа, хамтын ажиллагааны үр дүнд монголын гурван хэвлэл мэдээллийн ажилтан ийнхүү тус улсаар олз омог дүүрэн аялаад ирлээ.


Биднийг нутагтаа буцаж ирсний дараахан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг солонгос хэлээр мэдээ мэдээлэл түгээх санаачилгаа ажил хэрэг болгож, 2025 оны арваннэгдүгээр сарын 28-нд тус агентлагийн дарга Х.Энх-Орших, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын түүхийг нэгэн шинэ хуудсаар баяжуулсан үйл явдал болов.


Нөгөө талаар солонгос орон, солонгосчууд бидэн рүү улам ойртсоор байгаагийн бодит жишээ энэ юм болов уу. Яаж ч бодсон зах зээлийн системд шилжсэн өнгөрсөн хугацааны түүхийг эргэж харвал, Монгол Солонгос хоёр шиг ойртож нягтарсан улс ховор шиг. Монголчууд л Солонгос руу аялдаг, иргэдийн хөдөлгөөн голчлон нэг чигийн урсгалтай явж ирсэн. Одоо цагт солонгосчууд Монгол орныг зорьж ирцгээх болжээ. Бусдын итгэл даахуйц анд нөхөр байна гэдэг хэчнээн сайхан. 


Улаанбаатар-Сөүл-Сукчу-Сөүл-Улаанбаатар

2025 оны арваннэгдүгээр сарын 17-20

Гэрэл зургийг Г.Мөнх-Од

Связанные новости