Ардын жүжигчин Р.Самжид таалал төгсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Риймэдийн Самжид энэ сарын есний өдөр Өлгий хотод энэ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Р.Самжид нь 1938 онд хуучнаар Ховд аймгийн Жаргалант Сагсай сумын нутаг Хөх хэрц гэдэг газарт төржээ. Бага насандаа эцэг эхийнхээ гар дээр хүмүүжсэн бөгөөд 1955 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын Театр анх байгуулагдахад анхны бүжигчинээр орсон байна. Тэрбээр тус театрт 55 жил хөдөлмөрлөхдөө гоцлон бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж, монгол ардын бий биелгээ, цуур, хөөмий, ерөөл, магтаал, товшуур зэрэг язгуур урлагийн өвийг Монгол орныхоо бүх аймаг, сум, ЗХУ-ын Тува, Халимаг улс болон Хятад, Казакстан улсуудад сурталчилж байжээ.
Мөн өөрөө бие дааж 70 гаруй бүжиг дэглэн тоглуулж, 300 гаруй бүжигт бүжиглэсэн бөгөөд түүнийг Баян-Өлгий аймгийн ард түмэн "урианхай түмний алдарт бийч", "язгуур урлагийн өв тээгч их уурхай" хэмээн хүндэтгэдэг юм.
Монголын олон ястан, үндэстний урлаг, соёлын өвийг сэргээн хөгжүүлэхэд сэтгэл зүтгэл, хүч хөдөлмөр, авьяас билгээ зориулсан хөдөлмөрийг нь Монголын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1997 онд "Урлагийн гавьяат зүтгэлтэн", 2010 онд "Ардын жүчигчин" цолыг тус тус хүртээсэн байна.
Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол энэ сарын 12-ны өдөр өглөөний 06:30 цагт аймгийн Хөгжимт Драмын Театрт болох ажээ.
Ө.Нурболат