Гадаадад хадгалагдаж буй Монголын өвүүдийг нэгтгэсэн 20 боть каталоги хэвлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-10 18:02:48
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадны улс орнуудад хадгалагдаж буй Монголын өв соёлыг судлах, олон улсад сурталчилан танилцуулах зорилго бүхий “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хэлэлцүүлэг өнөөдөр ГХЯ-нд боллоо.
 
Дэлхийн улсууд өөрийн орны өв соёлы хадгалан хамгаалах, сурталчилан таниулах замаар түүхээ баталгаажуулж, аялал жуулчлалыг татах чиглэлд идэвхтэй ажиллах болжээ. Тиймээс төрт ёсны уламжлал, баялаг түүхээрээ дэлхийд гайхагдсан Монгол Улс ч өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулахад анхаарч байгааг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо.
 
Тэрбээр, “Үндэсний түүх соёл, оюун санааны үнэт зүйлсээ таниулах зорилгоор “Монгол Улсыг гадаадад сурталчилах хөтөлбөр”-ийг 2016-2020 онд хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд гадаад орнуудад хадгалагдаж байгаа Монголын өв соёлын мэдээллийг агуулсан 20 боть каталоги бүтээх “Дэлхийд тархсан Монгол өв” төслийг 2018-2020 онд Олон улсын Монгол судлалын холбоо (ОУМСХ)-той хамтран эхлүүлж байна” гэлээ.
 
Гадаад орнуудын музей, номын сан, архивуудад монголчуудтай холбоотой 50 мянга гаруй гэрэл зураг, Монгол орноор аялж байсан жуулчдын тэмдэглэл хадгалагдаж байгаа гэсэн судалгааг ОУМСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун танилцууллаа. Эдгээр гэрэл зураг, тэмдэглэл зэргийг нэгтгэсэн цахим хуудас бүтээх ажлыг өнгөрсөн онд Японд эхлүүлсэн бөгөөд 2020 онд Монгол Улсын талд хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буйг дурьдаад, “Дэлхийд тархсан Монгол өв” төслийн хүрээнд Монголын эрдэмтэд дэлхийн 30 гаруй орны судлаачидтай хамтран ажиллана. Тухайн орнуудынхаа холбогдох албаныхантай уулзалт хийж, Монголын өв соёлуудын талаар каталоги хийх тохиролцоонд бүрэн хүрсэн” хэмээв.
 
Дээрх 20 каталогийг хэвлэхийн тулд орон бүрт Монголын хоёр судлаач, тухайн улсын нэг эрдэмтэн ажиллах юм. Үүнд судлаачдын томилолт, зардал, гадны эрдэмтдийн цалингаас эхлээд ихээхэн хөрөнгө шаардана гэдгийг ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл онцлов. Мөн, “Өөрийн орны өв соёлоо каталоги болон хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгосноор дэлхий нийтэд Монголыг судлах, манай орноор аялах сонирхолтой хүний тоо нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гадаадад эх орноо сурталчилахаас гадна аялал, жуулчлалаа хөгжүүлэх томоохон боломж бүрдэх юм. Тиймээс төрийн болон ТББ-ууд, иргэн, аж ахуйн нэгжүүд хамтран энэхүү төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг босгох нь туйлын чухал” гэлээ.
 
Одоогоор уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн судалгааг хийж байгаа бөгөөд доорх дарааллын дагуу хэвлэгдэх юм.
Үүнд:“Орос дахь Монголын өв “Солонгос, Иран дахь Монголын өв”
“Унгар, Австри дахь Монголын өв”
“Хятад дахь Монголын өв”
“БНХАУ-ын Тайван дахь Монголын өв”
“Польш дахь Монголын өв”
“Япон дахь Монголын өв”
“Франц болон баруун Европ дахь Монголын өв”
“Турк болон Төв Азийн орнууд дахь Монголын өв”
"Умард Евроцдахь Монголын өв”
“Америк дахь Монголын өв”
“Герман дахь Монголын өв”
"Энэтхэгийн салбар тив дэх Монголын өв” гэсэн бүсчлэлээр бүтээгдэнэ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻