Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-10 09:25:40

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг "Улаан даваа" хэмээх газраас нутгийн иргэн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нарын 2024 оны тавдугаар сард олсон мөнгөн гэрэгэг  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн өмчид шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын иргэн Ж.Отгонжаргал зохион байгуулсан юм. 


Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны жуух бичгээр шагналаа. Энэхүү түүхэн дурсгалыг олон нийтэд танилцуулах, сурталчлах ажлыг "Чингис хаан" үндэсний музей зохион байгуулах бөгөөд соёлын өвийг хадгалж хамгаалах, устах аюулаас урьдчилан сэргийлэх үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулахыг нийт Монголын ард түмэндээ уриалж байгаа аж. 


Судлаачдын үзэж байгаагаар мөнгөн гэрэгэ нь Монгол эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичжээ.


Бичгийг галиглавал “möngke tengri yin küčün dür qaɣan nere qutuɣtai boltuqai ken ülu buširegu aldaqu ükügü”, утгачилбал, “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай байна.


Мөн гэрэгэний нүхний эмхэрдсэн товгор ирмэгт зургаан ханз дүрс үсэг байгаа нь “Хүндэт тэмдэг, 69 дугаар” утгатай байна.


Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Монгол Улсаас олдсон мөнгөн гэрэгэтэй ижил төстэй дурсгал ОХУ, АНУ-д гурван ширхэг мэдэгдэж байгаа ба цаашид нарийвчлан судлах шаардлагатай байгаа юм.


相关新闻