"Нур жайлау" компани эсгий бүтээгдэхүүн экспортолно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-10 16:50:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн "Нуржайлау" хязгаарлагдмал хариуцлагатай компани саяхан жилд 175 мянган метр эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай эсгийний үйлдвэр байгуулжээ. Тэрээр анхны бүтээгдэхүүнүүдээ өнөөдөр Өлгий хотод зохион байгуулсан "Намрын ногоон өдрүүд-2018" үзэсгэлэн худалдааны үеэр танилцууллаа.

Компанийн захирал С.Хыдырпатшагийн тайлбарласнаар тус компани нь хонь, тэмээний ноос гэх мэт хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа ажээ. Тэрбээр, Манай үйлдвэр Баян-Өлгий аймгийн бүх хурганы ноосыг боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар хүчин чадлынхаа 50-иас дээш хувийг ашиглаж чадаж байна. Хурганы ноосоор янз бүрийн өнгийн гэрийн эсгий, ширдгийн эсгий үйлдвэрлэдэг. Мөн эсгийгээр үндэсний онцлог бүхий ширдэг, гэрийн тоноглол, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа. Компани маань байгуулагдаад удаагүй ч 15 хүнийг ажлын байртай болгосон гэлээ.

"Нуржайлау" компанийн үйлдвэрлэсэн эсгийн бүтээгдэхүүнийг гадаадын жуулчид ихээр сонирхон худалдаж авдаг байна. Цаашид гадаадад экспортод гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Австрали,  Швейцар, Казахстан, Киргиз улсуудтай гэрээ байгуулж эхэлжээ. 

Ө.Нурболат

相关新闻