Баян-Өлгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүнээ танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-10 15:19:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас "Намрын ногоон өдрүүд-2018" үзэсгэлэн худалдааг өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээнд аймгийн бүх сумдаас 110 орчим малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцсон бөгөөд өөрсдийн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, гар урлалын бүтээгдэхүүнүүд, шилмэл үржлийн мал, сүү, цагаан идээгээ борлуулж байна. 

"Энэ жил тус аймагт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр 500 орчим сая төгрөг зарцуулсан. Үүний үр дүнд 300 гаруй хүн ажлын байртай болсон байгаа. Мөн өмнөх жилүүдэд аймгийн төмс, хүнсний ногооны 65 хувийг дотооддоо хангах боломж бүрдээд байна" хэмээн аймгийн Засаг дарга А.Гылымхан нээлтийн ажиллагааны үеэр онцоллоо.  

Тус үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд иргэд, аж ахуйн нэгжүүд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ олноор танилцуулснаараа онцлогтой болсон юм. Жишээлбэл, Буянт сумын "Халуун оргил" хоршоо тараг, шар тос, бор ааруулыг үйлдвэрийн аргаар боловсруулан савлаж зах зээлд нийлүүлж эхэлсэн бол Алтанцөгц сумын "Баянбулаг" компани зөгийн аж ахуй эрхэлж, бал, цэцгийн тоос, балны хаалт зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг болсныг иргэдэд танилцууллаа.

Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд эргэлтийн хөрөнгөтэй болгох, орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, аймгийн эсгийний хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломжтой байгаа тул БНХАУ-аас эсгий оруулах асуудлыг зогсоох зэрэг төр засгийн зүгээс бодлогын чанартай арга хэмжээ авах шаардлагатайг хэлж байлаа.

 Ө.Нурболат

 
相关新闻