Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-09-10 12:24:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 23 жил болж байна. Өнөөдөр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, аймгийн ИТХ-ын ажлын алба болон төрийн албан хаагчид улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Тус хөшөө аймгийн Хөгжимт драмын театрын урд цэцэрлэгт хүрээлэнд 10 шахам жилийн өмнө боссон бөгөөд "Өндөг шиг өөгүй хүмүүсийг "том гараар" нугачин дарж байсныг өгүүлэхийг зорьсон" хэмээн хөшөөг урлаач нь хэлж байсан түүхтэй. 
Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд өртсөн 17 хүн бүртгэгдсэн бөгөөд өдгөө тэдний үр хүүхэд, ач зээ 600 гаруй хүн байдаг байна. Мөн өдөр аймгийн ИТХ-ын ажлын алба 17 хүний үр хүүхдийг хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Түүнээс гадна эл өдөр Ламын гэгээний Гон гандан дэдлин хийдэд буяны ном хурах, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй, дараалалгүй үзүүлэх зэрэг ажлууд өрнүүлж байгаа аж.
“Улс төрийн хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” энэ онд батлагдсаны дагуу хэлмэгдэгсдийн эхнэр /нөхөр/, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд 40 болон 80 сая төгрөгийн нөхөн олговор олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
                                                                                                                                              Б.Мөнхзул
相关新闻