Завханы хөдөөгийн 66 багийн иргэнд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ЗДТГ, болон төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Завханы хөдөөгийн 66 багийн 6000 гаруй иргэнд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэжээ.
Тухайлбал Завханы Зүүн хойд чиглэлийн сумдад аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг, зүүн чиглэлийн сумдад аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан ажлыг хэсэг, урд чиглэлийн сумдад аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаагаар ахлуулсан ажлын хэсэг, баруун хойд чиглэлийн сумдад аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, нийт 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хөдөөгийн 66 багт ажиллаж иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлж, мэдээ мэдээлэл хүргэсэн байна. Энэ үеэр ард иргэдийнхээ саналыг сонсож, аймгийн Засаг даргын ажлыг тайлагнахаас гадна эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд оруулах иргэдийн саналыг бичгээр авч, сумын Засаг даргаас эхлээд бүх шатны төрийн албан хаагчдын ажлыг ард иргэдээр үнэлүүлэх ажлыг зохион байгуулжээ.
Мөн Завхан аймгийн 9 гайхамшгийг ард иргэдийнхээ саналаар тодруулах санал асуулгыг авсан байна. Иргэдийн өгсөн санал асуулгыг нэгтгэх ажил ид хийгдэж байна. Иргэдээс ийн нээлттэй саналыг нь авснаар аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлж, байгаль эх дэлхийгээ ухуулж бус үзүүлж орлого олохыг зорьж буй бодлого маань хэрэгжинэ гэж үзэж байна. Ажлын хэсгүүдэд Улаанбаатар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлсэн байна. Тухайлбал дотор, эмэгтэйчүүд, эхо, хүүхдийн, шүдний үзлэг оношлогоог хийжээ. Мөн үеэрээ аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн тоглолт, үсчин гоо сайхны үйлчилгээг малчдад хүргэлээ. Түүнчлэн сум, багаа хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж буй багийн Засаг дарга нарт мотоцикль, Иргэдийн нийтийн хурлын даргад зөөврийн компьютер олгосон бол багийн эмчийн эмийн эргэлтийн санд зориулан тодорхой хэмжээний төгрөг өгсөн байна.
Завхан аймаг 24 сум,116 багтай. Өнгөрсөн наймдугаар сард хөдөөгийн 66 багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэсэн бол 10 дугаар сард Алдархаан сум болон говийн дөрвөн сумын багууд, 24 сумын төвийн багуудад ажиллаж төрийн үйлчилгээг багийн түвшинд хүргэх юм хэмээн аймгийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.
Дашрамд дуулгахад Завхан аймаг ард иргэдээ сонсдог, тэдний саналыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албаны ажлыг ард иргэдээрээ жилд нэг удаа үнэлүүлдэг ажээ. Анх 2016 оны 9 дүгээр сараас хойш “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж эхэлжээ. Энэ жил тус аяны хүрээнд “Төрийн цогц үйлчилгээг багт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь энэ юм.
Б.Мягмарсүрэн