Цэцэрлэг, сургуулийн багш нарыг цалингийн зээлийн өндөр хүүгээс чөлөөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-09-04 18:23:02
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт “Цалингийн зээлгүй болгох хөтөлбөр”-ийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрт Дорнод аймгийн хэмжээн дэх төрийн алба хаагчдыг шат дараатайгаар хамруулна.
Ингэхдээ цалин бага, ачаалал ихтэй ажилладаг СӨБ, ЕБС-ийн багш нарыг юун түрүүнд хамруулж, цалингийн зээлийн өндөр хүүгээс чөлөөлөх юм. Тухайлбал, багш Солонго аль нэг банкинд найман сая төгрөгийн цалингийн өндөр хүүтэй зээлтэй. Харин дээрх хөтөлбөрт хамрагдсанаар Хас банкинд байршуулсан мөнгөнөөс гэрээ байгуулан авч, зээлээ төлж барагдуулсны дараа Хас банкинд ямар нэгэн хүүгүйгээр найман сая төгрөгөө төлж дуусгахаар зохицуулалт хийжээ. Өнөөдөр банкны системд үйлчилж байгаа дүрэм журмаар бол багш Солонго найман сая төгрөгийг банкнаас 23 хувийн хүүтэйгээр зээлж, гурван жилийн турш төлөхөд нийтдээ 11 сая төгрөг буюу хүүнд л гэхэд гурван сая төгрөг төлсөн байх жишээтэй. Хөтөлбөрт багш нараа шат дараатай хамруулахын тулд сургуулиуд дэргэдээ ТББ байгуулан дотоод журмаараа зохицуулалт хийж болох аж.
Үүний дараа эмч, эмнэлгийн ажилтнуудыг “Цалингийн зээлгүй болгох хөтөлбөр”-т хамруулна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 480 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.
 Д.Дэлгэрмаа
相关新闻