Ажлын байр бий болгох зорилгоор бага хүүтэй зээл олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь ажлын байр бий болгох зорилгоор бага хүүтэй зээлийг арилжааны банкуудтай хамтран олгох болсноо олон нийтэд өнөөдөр танилцууллаа.
Тодруулбал, аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдад сарын 0,6 хувь, жилийн 7,2 хувийн хүүтэй зээлийг арилжааны банктай хамтран олгохоор санхүүгийн эх үүсвэрийг ХААН, Төрийн банкинд байршуулаад байгаа ажээ.
Тус зээлийг орон нутгийн онцлог хэрэгцээнд нийцсэн, шинэ ажлын байр бий болгох боломжтой гурван сараас дээш хугацаагаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй аж ахуйн нэгжид 20 сая төгрөг хүртэл, хувиараа хөдөлмөр эрхлэгч малчдад 10,0 сая хүртэлх төгрөгийг олгох ба зээлийн хөнгөлөлтийн хугацаа зургаан сар байх гэнэ.
Зээлд хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн төслийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч байгаа юм. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2021 оны хоёр дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болно хэмээн тус газраас мэдээлэв.
Э.Нарангэрэл