Говь-Алтай нутгаар хур тунадас орж, цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Энэ сарын дундуур Говь-Алтайн нутгаар, тодруулбал Алтайн уулархаг нутгаар өдөртөө 8-13 градус дулаан, шөнөдөө 1-6 градуст хүйтэрч цочир хүйтэрнэ. Харин бусад хугацаанд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 17-22 градус дулаан байна хэмээн тус аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Есдүгээр сард агаарын температурын сарын дундаж нь Алтайн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан Говь-Алтайн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас 1.0-1.5 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
Түүнчлэн тус аймгийн нутагт энэ сард орох хур тунадасны хэмжээ нь баруун хэсгээр уур амьсгалын дунджаас бага, өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Тухайлбал, сарын эхээр зарим газраар дуу цахилгаантай бороо, уулархаг нутгаар хур тунадас орох бөгөөд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байна. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Хоёр ба гуравдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах ажээ.
Э.Нарангэрэл